Зураг

Олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамтарч ажиллана

Эх сурвалж: ХХААХҮЯ

2018 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод “Монгол Улс-БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн форум” боллоо.

2018 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод “Монгол Улс-БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн форум” боллоо. Хоёр улсын ноолуурын аж үйлдвэрийн салбарыг хамтран хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой уг форумыг Монголын ноос ноолуурын холбоо, БНХАУ-ын Баяннуур хотын ХАА-н тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ноолуурын нэгдсэн форумын үеэр БНХАУ болон Монгол Улсын төр засгаас ноолуурын талаар явуулж буй бодлого, өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, илтгэл хэлэлцүүлэв.

Форумд Монголын талаас ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, тус яамны ноос ноолуурын үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа,  "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа,  Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу болон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон.

Форумын үеэр Монголын ноос ноолуурын холбоо, Баяннуур хотын ХАА-н тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн холбоо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ийнхүү талууд санамж бичиг үзэглэснээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан туршилт, судалгаа хийх, олон улсын стандартад нийцсэн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүний нөөцийг чадавхжуулах, шинэ загвар, техник технологи нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.

ӨМӨЗО-ны Баяннуур хотын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс мах, сүү, хөнгөн үйлдвэрлэлээс ноолуур, ноосон нэхмэлийн үйлдвэрлэл давуу хөгжсөн бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс форумын төлөөлөгчид тус хотын аж үйлдвэрийн паркийн томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр, “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголын ноос ноолуурын салбарын дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын туршлага судлах, технологи дамжуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.