Зураг

Барааны танилцуулга

 

Малын ноос

Ноос гэдэгт мал, амьтны арьсыг бүрхэн ургадаг, цаг уурын болон бусад орчны нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй үсэн ширхэгтийг ойлгодог. Шинжлэх ухааны хурдацтай хөгжлөөр орчин үед олон төрлийн химийн нэгдлээр төрөл бүрийн (капрон, нейлон, синтетик) ширхэгт материал гарган авч хэрэглээнд оруулсан ч дулаан хадгалах, агаар болон чийглэг нэвтрүүлэх, хүний бие махбодод сөрөг нөлөөгүй зэрэг ноос, үслэг эдлэлийн давуу чанарыг бүрэн орлож чадах бүтээгдэхүүн гаргаагүй л байна. Ноос бол нөхөн сэргээгдэх баялаг бөгөөд байгалийн дахин давтагдашгүй шинж чанартай.

Монгол орон таван хошуу малынхаа түүхий эдийг хэрэглэж ирсэн арвин түүхтэй бөгөөд дэлхийн дэвшилтэт технологиор ноос, ноолуурыг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд олон улсын түвшинд өөрийн гэсэн байр суурьтай болоод байгаа билээ. Ноос нь нэхмэл бүтээгдэхүүн, нэхээсгүй эдлэл, сүлжмэлийн гэх мэт хөнгөн үйлдвэрийн үнэт түүхий эд болдог.

Голч ба урт нь ноосны голлох үзүүлэлт болдог бөгөөд малын үүлдэр угсаа, бэлчээр, өвс тэжээл, арчилгаа маллагаа, орон нутгийн цаг уурын онцлог, түүнчлэн малын аль хэсгийн ноос зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний үйлдвэрүүд ноос, ноолуурын олон жилийн судалгаа тооцоололд тулгуурлаж, дундажилсан стандарт тогтоон хэрэглэж заншжээ. Ноосны ширхэгтийн уртыг миллиметрээр, голчийг микрометр (микрон)-ээр илэрхийлэх бөгөөд нэг микрометр гэдэг нь нэг миллиметрийг 1000 хувааснаар хэмжигдэх хэмжигдэхүүн юм.

Малын ноос бүр дотроо өөр өөр бүтэц, хэмжээтэй үснээс бүрддэг бөгөөд голч нь хамгийн нарийн үсийг ноолуур үс гэдэг. Ноосны чанарын үзүүлэлтэд ноолуурын агууламжийг чухалчлан авч үзнэ. Малын нас ахих тусам ноолуурын агууламж нь багасч, завсрын үс, бүдүүн ноос, хялгасны хэмжээ ихсэх нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

 

Ямааны ноолуур

Таван хошуу малаас авдаг ноос, ноолуураас хамгийн нарийн голчтой нь ямааны ноолуур бөгөөд энэ түүхий эдээр хөнгөн, зөөлөн, дулаан, гоёмсог хувцас эдлэлийг үйлдвэрлэдэг. Ямааны ноолуур нь нарийн ноолуур, завсрын үс, хялгас үснээс бүрддэг бөгөөд үйлдвэрийн аргаар цэвэр ноолуурыг нь ялган хэрэглэдэг.

Ямааны ноолуур нь Монгол орны газар зүйн бүсийн ялгаа болон тухайн жилийн цаг уурын онцлогоос хамааран 3-аас 6 дугаар сарын хооронд харилцан адилгүй хөөрдөг бөгөөд энэ хугацаанд ноолуурыг нь самнах аргаар авна. Нэг ямаанаас улсын дунджаар 300 гр ноолуур гардаг.

 

Тэмээний ноос

Тэмээний ноос нь бусад малын ноос, ноолуураас уртын хэмжээгээрээ илүү байдаг. Урт ширхэгтээр ээрсэн утас нь бөх бат болдог тул тэмээний ноосон эдлэл нь эдэлгээ сайтай. Түүнчлэн тэмээг зуны халуунд сэрүүн, өвлийн хүйтэнд дулаан байлгадаг онцлог чанар ноосоор нь хийсэн хувцаст шингэсэн байдаг.

Тэмээ нь ноосны гарц ихтэй малд тооцогдоно. Тухайн жилд унасан хур тунадас, агаарын хэм зэрэг байгаль цаг уурын нөхцөл, тэмээний тарга хүчээс ноосны гарц хамаардаг. Тэмээний биеийн хэсгүүдийн үсний хөөрөлт харилцан адилгүй байдгаас ноосыг нь 3-аас 6 дугаар сард хяргах аргаар авна. Монгол тэмээ нь жилд дунджаар 5 кг ноос өгдөг.

 

Бодын хөөвөр

Тэмээнээс бусад бод малын их бие буюу ууц нуруу, шил, хажуу хэсгээс самнаж авдаг ноолуур үсийг малын төрлөөр нь үхрийн, адууны, сарлагийн хөөвөр гэдэг. Малын тарга хүч, нас, түүнчлэн газар нутгийн онцлогоос шалтгаалан хөөвөр гуужих хугацаа, хэмжээ нь харилцан адилгүй байна. Ерөнхийдөө 4 дүгээр сар хөндийрч, 6 дугаар сар гэхэд гуужиж дууссан байдаг.

Үхрийн хөөврийг хонины ноостой хамт бүдүүн цэмбэ нэхэхэд, адууны хөөврийг эсгий, эсгий гутал, дулаалгын материалд ашиглах боломжтой бол сарлагийн хөөврийг төрөл бүрийн хувцас нэхэхэд өргөн ашигладаг. Сүүлийн жилүүдэд сарлагийн хөөврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн шалтгаан ноолуур үс нь зарим чанараараа ямааны ноолууртай ойролцоо байдагтай холбоотой.

 

Хонины ноос

Монгол улсын стандартад хонины ноосыг нийтлэг төрлөөр нь нарийн, нарийвтар, бүдүүн, бүдүүвтэр гэж ангилдаг. Манай оронд бэлтгэж буй нийт хонины ноосны 90 орчим хувийг бүдүүн ноос эзэлж байна. Бүдүүн ноост хонины ноос нь бүдүүн ноолуур, завсрын үс, сор үс, хялгас үснээс бүрддэг.

Хонины ноос нь удаан эдэлгээтэй, дулаан сайн хадгалдаг, галд тэсвэртэй зэрэг өвөрмөц шинж чанартай чухал түүхий эд учраас бүдүүн, бүдүүвтэр ноосыг эсгий, хивсний үйлдвэрүүдэд ашиглахаас гадна сүүлийн жилүүдэд барилгын дулаалгын материалын түүхий эд болгон хэрэглэж байна.

Хонины ноосны хөөрөлтөд тухайн газар нутгийн цаг уур, өвс ногооны гарц ихээхэн нөлөөлдөг. Хяргах хугацаагаар нь уртын, ахрын ноос гэж ангилдаг бөгөөд уртын ноосыг голдуу 6 дугаар сард хяргаж авдаг. Нэг хонины ноосны гарц нь дунджаар 1.3 кг гэж тооцогддог.

 

Завод ноос

Нядалсан, зүй бусаар хорогдсон, халдваргүй өвчнөөр үхсэн малын арьс, ширнээс үйлдвэрийн аргаар зумлан салгаж, угаасан ноосыг завод ноос гэдэг. Зумлахдаа шохойдлогын, түрхлэгийн гэсэн үндсэн хоёр аргыг ашиглана. Завод ноосыг дотор нь малын төрлөөр ангилдаг.

Завод ноос нь ихэвчлэн ноолуур, хялгаснаас бүрдэх бөгөөд арьснаас салгах арга технологиос шалтгаалан ширхэгтийнх нь өнгөнд химийн бодисны нөлөө бага зэрэг орсон байх нь бий. Завод ноосны ноолуурын агууламжийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог.

 

Рапс (тосны ургамал)

Монгол оронд рапсыг 1980-аад оноос тэжээлийн чиглэлээр, 1990-ээд оноос тос гаргаж авах зориулалтаар тариалж эхэлсэн. Олон улсын жишигт рапсын үрийг өвөлжих, зусах гэж ангилдаг ба манай орны газар тариалангийн үндсэн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зусах рапсыг тариалж байна. Тосны гарц нь ойролцоогоор 40 хувь байдаг нь шар буурцагнаас 2 дахин илүү байна.

Үрийнх нь өнгөөр хар, шар гэж ангилах бөгөөд рапсын шар үрээс ихэвчлэн техникийн тос, тослогооны материал гаргаж авдаг бол хар үрээс нь хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой тос боловсруулж авдаг. Сүүлийн үед рапс нь дэлхийн улс орнуудад өргөн ашиглах болсон биодизель хийх түүхий эд болж, эрэлт хэрэгцээтэй биологийн гаралтай бүтээгдэхүүний нэг болж байна.

 

Хүнсний мал бэлтгэл

Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй эрхлэн түүнээс хүнсний хэрэгцээгээ ч хангаж ирсэн бөгөөд малын махыг улирлын байдалд тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай. Малын махны уураг, тос, илчлэг, амин дэмийн агууламж, шингэцтэй байдал зэрэг нь малын төрөл, үүлдэр угсаа, нас, хүйс, бэлчээрийн нөхцлөөс ихээхэн хамааралтай байна.

Таван хошуу малын дотроос тэмээг үржил удаантай, тооны хувьд бусад малыг бодвол харьцангуй цөөн тул хүнсэнд бэлтгэхийг хязгаарлах болсон билээ. Малыг хээрийн нөхцөлд буюу гар аргаар нядлах нь олон улсын хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцдэггүйгээс үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг Монгол улсаас экспортлох, худалдан авах сонирхол давамгай байдаг.

 

Буудай

Буудай нь морфологи, биологийн шинж чанар, зориулалтаар 20 орчим зүйлд хуваагдана. Үүнээс зөөлөн, хатуу, карликийн буудай дэлхийн нийт буудайн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлдэг. Тариалах аргаар нь өвөлжих, зусах гэж ангилна. Манай улс зөөлөн болон хатуу зусах, тэр дотроо зөөлөн буудайг голчлон тариалдаг ба ургац хураалтаараа Сэлэнгэ аймаг тэргүүлдэг байна.

Буудайг боловсруулан гурил гаргаж авах ба энэ нь талх, гоймон, жигнэмэг, бялуу, төрөл бүрийн нарийн боов, боорцог зэрэг гурилан бүтээгдэхүүний  гол түүхий эд болдог. Мөн шар айраг исгэх болон архи, виски, спирт, биодизель зэргийг үйлдвэрлэхэд ашиглана. Хатуу буудайг гоймонгийн үйлдвэрлэлийн зориулалтаар бага хэмжээгээр тариалдаг.

Бараа, түүхий эдийн тодорхойлолт харах