Зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

Эх сурвалж: ХХААХҮЯ

        Төвийн бүсийн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир нар тус зөвлөгөөн оролцогчдод үр дүнгээ өгч, үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Нээлтийн арга хэмжээнд оролцогчид

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар

ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн

Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.

2018 онд мал аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хэрэгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны зорилт эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байгааг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэллээ. Ингээд салбар тус бүрийн товч танилцуулга, 2018 оны зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулъя.

МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ БАЙНА

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун

2017 оны байдлаар мал аж ахуйн салбар нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 28 хувь нь тус салбарт ажиллаж, экспортын орлогын 6,6 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 169.7 мянган малчин өрх аж төрж, 303.6 мянган малчин, 3 мянган фермер бий. Мал аж ахуйн салбар нь 426 мянган тонн мах, 919,5 сая литр сүү, 96.7 сая ширхэг өндөг, 14.5 сая ширхэг арьс шир, 30.6 мянган тонн ноос, 10 мянган тонн ноолуур бэлтгэх түүхий эдийн нөөцтэй.

        2018 оны тухайд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, малын ашиг шимийг сайжруулах, үржүүлгийн ажил, үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, малын эрүүл мэндийг хамгаалах, гоц халдварт, халдварт өвчингүй тайван бүс, нутгийг баталгаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах зэрэг олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, дагалдах эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 225 ширхэг мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, нийт бог малын 30 хүртэл хувийг угаах буюу креолинжүүлэх боломж бүрдлээ. Мөн дөрвөн бүсэд нян судлалын иж бүрэн лаборатори байгуулах, найман аймагт ариутгал халдваргүйжилтийн тусгай зориулалтын автомашин нийлүүлж байна. Түүнчлэн бэлчээрийн ургамал хамгааллын чиглэлээр 15 аймаг, отрын бүсийн 730 мянган га бэлчээрийн талбайд мэрэгч амьтадтай тэмцэх ажлыг зохион байгуулж, 16 аймагт 130 худаг шинээр гаргаж, бэлчээр ашиглалтыг сайжруулжээ. Сүүний үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, малын үржлийн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Энэ оны тавдугаар сард "Малчдын улсын зөвлөгөөн", зургадугаар сард "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт"-ыг зохион байгуулж, дотоод, гадаадын төлөөлөгчдийн байр суурийг сонсож, салбарын бодлогодоо тусгалаа.   

ҮР, СОРТ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА 

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд

Газар тариалангийн салбарт 58.4 мянган хүн байнгын, 11.5 мянган хүн түр, 11.5 мянган хүн улирлын чанартай ажлын байранд ажиллаж байна. Үр тарианы 1200, төмс, хүнсний ногооны 370 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 35 мянган тариалан эрхэлдэг өрх байна. Нийт 878  мянга га эргэлтийн талбайтайгаас 54 мянга га-д усалгаатай газар тариалан эрхэлдэг. Техник хангамжийн тухайд, 1800 трактор, 1200 комбайн, 4000 орчим ХАА-н чиргүүл, дүүжин машин, 5500 бага, дунд оврын трактор байна. Салбарын хэмжээнд 434 мянган тоннын багтаамжтай элеватор, 182 мянган тоннын багтаамжтай үтрэм, 200 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь үйл ажиллагаагаа явуулдаг.

        2018 оны тухайд таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлэх, үр сортын шинэчлэл хийхийг дэмжих, үрийн аж ахуйн чадавхийг сайжруулах байгальд ээлтэй усалгааны технологи, услалтын системийг бий болгох, тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна.

        Аймаг бүрээс ирүүлсэн мэдээдэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана. Ургац хураалтын хугацаанаас өмнө хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг зөвлөж байна.

2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Тиймээс “Атар 60” бүтээлч аян өрнүүлж, аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийж байна. Хамгийн сүүлд, үр шинэчлэх чиглэлээр ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгож, 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн аваад байна.

        Одоогоор Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн махны хадгалалт борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Уг төвийг 2019-2020 онд байгуулна. Мөн БНПУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ төслийг хэрэгжүүлж, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тоннын үрийн агуулахтай 15 мянган тонн багтаамжтай элеватор байгуулахаар ажиллаж байна.

Цаашид “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулж, 7 аймагт тариалангийн бүс нутгийг тогтоох Засгийн газрын 131-р тогтоолыг хэрэгжилтийг эрчимтэй зохион байгуулж, эрчимжсэн мал аж ахуй-газар тариалан хослуулан хөгжүүлж, тариалангийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх юм.

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАМЖ, БОЛОВСРУУЛАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон

2017 оны байдлаар хүнсний боловсруулах үйлдвэрлэлээс 1,2 их наяд төгрөгийн орлого олж, энэ нь ДНБ-ий 4 хувийг бүрдүүлсэн. Тус салбарт 12 мянга гаруй хүн ажилладгийн 12 хувь нь мах, махан бүтээгдэхүүн, 7 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, 12 хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн, 25 хувь нь исгэлтийн үйлдвэрлэл, 43 хувь нь хүнсний бусад үйлдвэрлэлд ажиллаж байна гэсэн статистик бий. Мөн 1900 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тус салбарт 600 стандарт мөрдөж байгаа юм.

        Өргөн хэрэглээний 16 төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдгаас Монгол Улс малын мах, сүү, гурил, төмс, ургамлын тос, сахар чихрийн зүйл гэсэн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байна. Буурцагт ургамал, цөцгийн тос, загас, шувууны махны хангамж 30%-аас бага, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний түүхий эдийн нөөц хангалттай боловч хангалтгүй байна.

2018 онд хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрийн технологийн түвшинг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын чадавхийг сайжруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн менежментийг боловсронгуй болгох, Монгол Улсаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

        Энэ онд тус салбарт хамаарах Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан бөгөөд хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хийж байна. Мөн Мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж, Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүнс үндэсний хөтөлбөр, Органик хүнсний тухай хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа юм. Түүнчлэн цэвэр өсгөврийн хөрөнгийн үйлдвэр, хүүхдийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг тус тус байгуулах юм.

МОНГОЛ БРЭНДИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

Энэ онд хөнгөн үйлдвэрийн салбарынхан өртөг шингэсэн өндөр чанарын ноос, ноолуур, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс шир бэлтгэн нийлүүлэлтийн менежмент, ложистикийн сүлжээг боловсронгуй болгох, Монгол брэндийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна.

        Салбарын хэмжээнд “Үйлдвэржилт 21:100", "Ноолуур" гэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд эхнээсээ үр дүн нь гарч байна. Тухайлбал, 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын, Хөвсгөл аймагт хуурай сүүний, Дархан-Уул аймагт шингэн бордооны үйлдвэр байгуулсан. Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт тус тус хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Мөн Баянхонгорт аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад орууллаа. Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулах юм.

Ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах зорилготой хөтөлбөрийг санхүүжүүлэхээр ХХААХҮЯ, Монгол Улсын Хөгжлийн банк хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд тодорхой шаардлага хангасан ноолуурын компаниудад зээл олгоно. Орон нутагт 500 ажлын байр бий болгох Говь, Гоёо компаниудын хамтарсан үйлдвэрүүдийг шав тавьсан бөгөөд удахгүй ашиглалтад орно. Энэ мэтчилэн хөнгөн үйлдвэрийн салбарт хийж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСОХОД ОЛОН ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 60 330 аж ахуйн нэгж байна. Тус салбарт 906 мянга гаруй хүн ажилладаг. Улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байдгаас 3020 хоршоодод үнэлгээ хийж идэвхгүй 1324, идэвхжиж байгаа 877, хөгжиж байгаа 580, тогтвортой өсөлттэй 239 хоршоод байна.

        Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хоршооны тухай, Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Мөн Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, Зээлийн давхар батлан даалт тус бүрт журам баталж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр гаргах юм. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэсэн ангиллыг бий болгож, үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгож, бүсчлэн хөгжүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, татварын таатай орчныг бүрдүүлэх зорилготой олон шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Түүнчлэн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрт “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн концепцийг суулгаж байгаа бөгөөд баг, хороо, сум, дүүрэг, аймагтаа брэнд бүтээгдэхүүнээ зарлаж, улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэж харж байна.

Тус салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүжилтын эх үүсвэрээр дамжуулан, жижиг, дунд үйлдвэрийн үр ашигтай гэсэн төслүүдэд зээл олгож байгаа юм. Цаашид санхүүжилтийг аль болох орон нутаг руу чиглүүлэх, тэдгээрийн үйлдвэрлэлийг хөл дээрээ баттай зогсоход нь зориулж дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Жижиг, дунд үйлдвэрийг зах зээлд нэвтрэхэд нь дэмжих зорилгоор “Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт-2018” үзэсгэлэн, “Фүжи но күни” олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт”, Хоршоодын үзүүлэх сургалт” зэрэг арга хэмжээ зохион байгуулж, “Монголд үйлдвэрлэв-2017, “Монголд үйлдвэрлэв-2018” каталогийг тус тус гаргалаа.

        Цаашид жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар олгож байгаа зээлийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Мөн “Загвар хоршоо” байгуулахад анхаарч, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн орон нутгийн бүтээгдэхүүний худалдааны төв, зам дагуух борлуулалтын цэг байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээнд дотоодын үйлдвэрийг хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

МАЛЫГ ЭЭМЭГЖҮҮЛЖ, НЭГДСЭН САНД БҮРТГЭЖ БАЙНА

Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой мал байна. Үүнээс, Сэлэнгэ аймагт орхон үүлдрийн нарийвтар ноост, хангай үүлдрийн нарийн ноост, ерөө үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт баянгол омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт жаргалант үржлийн хэсгийн нарийвтар ноост, алтанбулаг үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлж байна.

        Энэ онд малын үржил, бүртгэлийн салбарын тухайд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлах таниулах, үржилд ашиглаж буй хуц, ухныг мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлж, гойд ашиг шимт, шилмэл малыг баталгаажуулах, Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем бий болгох зэрэг тодорхой зорилтууд дэвшүүлсэн. Хуулийг орон сурталчлах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 6260 хүнийг сургалтад хамруулж, малчид, мэргэжлийн байгууллага, судлаачдад зориулсан хялбаршуулсан гарын авлага, хуулийн эмхтгэлийг хэвлүүлэн, орон нутагт хүргүүлэв. Мөн 2 бүлэг 30 заалт бүхий Мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг бүх шатанд хангуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 8,3 сая малыг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэгжүүлж, 2,8 сая малын мэдэллийг үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд  бүртгэжээ. Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, muz.gov.mn хаяг бүхий цахим хуудсыг ажиллуулж байна. Цаашид дээрх нэгдсэн санг хөгжүүлж, ялган тэмдэглэх хэрэгслийн ашиглалтыг сайжруулан, удам зүйн үнэлгээний программыг орон нутагт хүлээлгэн өгч, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэж, нэгдсэн санд бүртгэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.