Зураг

Монголын Хүнсчдийн холбоотой хамтарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Монголын Хүнсчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

        Талууд хүнсний салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийн талаар ярилцаж, харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Энэ үеэр Хүнсчдийн холбооны зүгээс хүнсний салбарын эрх зүйн орчныг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, хүнсний бүхий л сүлжээ-шат дамжлагад чанарыг эрхэмлэх, салбарын хөгжилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт нэвтрүүлэх, "Мах, сүүний анхдугаар аян"-ыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

        2020 он хүртэл хэрэгжих "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд 5 зорилт бүхий тодорхой 50 ажлын төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргаад байна. Тодруулбал, салбарын эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн таван зорилт дэвшүүлжээ. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд малын үүлдэр угсааг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал угаалгын ажлыг эрчимжүүлэх, мах, сүүний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, техник технологийг шинэчлэх зэрэг тодорхой ажлууд хийж байгаа юм.

Уулзалтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.