Зураг

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр 2,5 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулжээ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн уриан дор 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, өнөөдөр (2018.09.24) хаалтын ажиллагаа болж, үр дүнгээ танилцууллаа.

Хаалтын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. ХХААХҮЯ-ны ТНБД Д.Энхбат: “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн, сав, баглаа боодол сайжран, бүтээгдэхүүний чанар дээшилж, хамрах хүрээ өргөжсөн болохыг онцоллоо.  

Арга хэмжээний хаалтын үеэр "Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогч 180 гаруй аж ахуйн нэгжээс хүнсний экспорт, хүнсний импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулсан юм. Үүнд,

  • Хүүхдэд зориулав хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Мон сүү ХХК-Хүүхдийн сүү, илчлэг ээдэм бүтээгдэхүүн

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн хийгээд хэрэглээнд нийцсэн байдал, үйлдвэрлэл, борлуулалтын тоо хэмжээ, бүтээгдэхүүн сав, баглаа боодол, хаяг шошго зэргийг харгалзан үзсэн болно.

  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн: Талх чихэр ХК-ийн Онцгой бүхэл үрийн Атар талх

Тухайн жилдээ зах зээлд шинээр нэвтэрсэн, шим тэжээллэг байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тодруулжээ.

  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Хөвсгөл аймгийн Шинэ амттан ХХК-ийн Сувд брэнд

Орон нутгийн түүхий эдийг ашигласан байх, ажлын байр бий болгосон зэргийг харгалзан шилдгээр шалгаруулсан байна.

  • Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн: АПУ Дэйри ХХК-ийн Сайн брэнд йогурт бүтээгдэхүүн

Импортыг орлосон үнийн дүн, түүний өөрчлөлт, тохирлын гэрчилгээ зэргийг гол шалгуур болгон сонгосон байна.

  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн: Живэртийн оргил ХХК-ийн Чацарганы тос

Экспортолсон бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнийн дүн, стандарт, баталгаажуулалт зэргийг харгалзан, шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулжээ.

Ийнхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах, сүүний анхдугаар аяны үр шим”, “Хэрэглэгч танаа”, “Алтан намар-амтат талх”, “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Хүүхдэд зориулав” гэсэн нэрэмжит өдөрлөгүүд, хэлэлцүүлэгүүд, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг тус тус зохион байгуулснаараа онцлог байлаа.

“Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төсөл, АНУ-ын Хөгжлийн агентлаг, Глобал коммунитис олон улсын байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл, Монголын хүнсчдийн холбооны хамт олонд болон үзэсгэлэн худалдаанд оролцсон үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочдод талархал илэрхийлье.