Зураг

2018-2019 онд өвөлжих малын тоо, хүнсэнд болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх малын тоог аймаг, орон нутгаас авч нэгтгэлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам
Энэ онд улсын хэмжээнд 18.9 сая төл хүлээн авч, 2.1 сая төл хорогдсон дүнтэй, одоогийн байдлаар 80 гаруй сая мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 69 сая мал өвөлжиж, 15.1 сая малыг хэрэгцээлэх санал ирүүлээд байна. Үүнээс 463 мянган тонн мах бэлтгэх боломжтой байгаа юм.

Хоёр дахь үе шатанд 2018 оны есдүгээр сарын 14-нд Мал өвөлжилт, мал мах бэлтгэх ажлын зохион байгуулалтын тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гарч, аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох газруудад хүргүүлээд байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт энэ онд хүнсэнд хэрэгцээлэх мах бэлтгэлийн ажлыг явуулахдаа хүнсний аюулгүй байдлыг хангах, мал нядалгааны цех, мах бэлтгэх төвлөрсөн цэгт мал эмнэлгийн хяналтын цэгүүдийг байгуулж, мал нядлах хуваарь гаргах зэрэг ажлыг даалгажээ. Мөн орон нутгийн төвлөрсөн цэгт бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүний худалдааг аймгийн төв, нийслэлд зохион байгуулах тухай мэдээллийг ХХААХҮЯ-нд аравдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсч байна.

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудад мал бэлтгэлийн газарт нядлах малыг бүртгэж, 24-48 цаг малын эмчийн хяналтад байлгаж сойх малын хашаа, усан хангамжийн асуудлыг шийдэх, эрүүл бүс нутгаас мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, доройтсон бэлчээр нутгийг хамгаалах зэрэг албан даалгавар өгчээ. Мал эмнэлгийн ерөнхий газарт мал бэлтгэлийн ажлаас өмнө мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, туулгалт, дархлаажуулалтыг бүрэн дуусгах, малын эмч гарал үүслийн гэрчилгээ олгох, мах бэлтгэх үеэр хот орчимд мал эмнэлгийн хяналтын цэг байгуулах зэрэг үүрэг ногдсон байна.