Зураг

Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 10 дугаар сарын 16-нд тэмдэглэнэ

2017 оны статистик үзүүлэлтийг харахад 820 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж, өдөр тутам идэх хоолоо олох гэж зүдэрч байна. Тиймээс 2030 он гэхэд Дэлхий нийтээр өлсгөлөнг зогсоох НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хоёр дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тохиодог "Дэлхийн хүнсний өдөр"-ийг энэ жил “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.  

Ядуурлыг бууруулах, өлсгөлөнгөөс ангижрахад улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого, хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг чухал гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас онцлон, дэлхий нийтэд хандан уриалга дэвшүүлж байна. Тус байгууллага нь дэлхийн улс орнуудыг дайны дараах өлсгөлөнгөөс аврах, хөдөө аж ахуй, шим тэжээлийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, загас агнуур, ойн аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Энэ өдрөөс хойш жил бүр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор 75 дахь жилтэйгээ золгож байна. Өдгөө Европын холбооны байгууллага болон дэлхийн 196 улс орныг эгнээндээ нэгтгэжээ.

Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 16-нд бусад орны адил "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн арга хэмжээг нээж, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбооны удирдлагууд мэндчилгээ дэвшүүлнэ.

Мөн “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчид, үлгэр жишээ фермер, Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээ болон эссе бичлэгийн уралдаанд оролцогчдод тус тус шагнал гардуулна. Түүнчлэн “Өлсгөлөнгүй дэлхий-бидний оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.