Зураг

"Экспортын тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ноос, ноолуур, арьс ширний асуудлыг хөндлөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд өрнөж буй "Экспортын тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ноос, ноолуур, арьс ширний асуудлыг хөндлөө. Энэ хэсэгт Гадаад харилцааны яамны удирдлага, ХХААХҮЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл экспортын өнөөгийн байдал, бэрхшээл, боломжийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулав. 
Хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалтын түвшин, борлуулалтын суваг юм. Ноос ноолуурын салбарын орлогын 40 хувийг дотоод, 60 хувийг гадаад зах зээл эзэлж байна. Үүнээс бэлэн бүтээгдэхүүний эзлэх хувь нийт экспортын 5-6 хувь байгаа юм. Тиймээс угаах, самнах шатаас ээрэх, сүлжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байгааг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн В.Болормаа хэлсэн. Хөнгөн үйлдвэрийн хувьд өөр нэг экспортын гарц бол арьс шир дэд салбар. Тэр дундаа өнөөдөр гутлын үйлдвэрлэл хөндөгдсөн бөгөөд өмнөд хөрш рүү экспортлохыг зорьж буй компанид татварын саад тотгор их байна гэв. Мэргэжлийн холбооны үзэж байгаагаар арьс ширний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэхээр бодлогын болон бодит дэмжлэг үзүүлэхийг чармайж байгаа, гол нь хуурамч арьс оруулж ирдэг асуудлыг цэгцэлж, дотоод зах зээлээ хамгаалахгүй бол үйлдвэрүүд хөгжих боломж хязгаардмал байна гэдэг байр суурьтай байна.