Зураг

Малын болон мах, арьс ширний арилжааг Хөдөө аж ахуйн бирж зохион байгуулна

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээнд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо, худалдаа, арилжааны байгууллагын үйл ажиллагааг явуулах арга замын тухай сургалт өнөөдөр Хөдөө аж ахуйн биржийн "Арилжааны Танхим" дээр  (2018.11.14) боллоо. Сургалтад Хөдөө аж ахуйн биржийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү дээр дурдсан загвар арга хэмжээг хэрэгжүүлэх журам, төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн талаар нэгдсэн ойлголт, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээний хүрээнд гоц халдварт өвчингүй бүсийн мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан, эрүүл, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг тус тус зохион байгуулж байна. Сар хагас үргэлжлэх Загвар арга хэмжээнд хүнсний сүлжээ дэлгүүр, супермаркетууд, ресторан, зоогийн газар, мах махан бүтээгдэхүүн болон арьс шир боловсруулах үйлдвэр, сургууль, цэцэрлэгүүдээс эхлээд эрчим хүч, уул уурхайн компаниуд ч хамрагдах боломжтой.

Эрүүл, чанарын баталгаатай махыг хэрэглэгчийн ширээнд, сайн чанарын арьс ширэн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн гарт хүргэх зорилготой арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төсөлтэй хамтран ажиллаж байгаагийн нэг нь Хөдөө аж ахуйн бирж юм.  

Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) нь мал, мах, арьс шир худалдах, худалдан авах талуудын захиалгын дагуу форвард арилжаа зохион байгуулна. Мөн түүнчлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаагийн хувьд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж хамтран ажиллах юм.

Ийнхүү загвар арга хэмжээг сар хагасын хугацаанд хэрэгжүүлэх явцад гарсан сорилт болон ололттой тал дээр түшиглэн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо"-нд шилжихийг зорьж байна