Зураг

Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Гарал үүслийн гэрчилгээтэй төмсний арилжаа зохион байгуулахтай холбогдуулж Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д. Оюун-Эрдэнэ тус хэлтсийн мэргэжилтэн Ч. Түшиг нар И-март худалдааны төвийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Тариалан эрхлэгчдэд тариалсан төмс, хүнсний ногоогоо борлуулах суваг шинээр бий болгох, худалдан авагч нарыг чанарын баталгаатай, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоогоор хангах зорилготойгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК  төмсний мэдээллийн сан буюу авах, зарах талын захиалга хүлээн цахим хаягийг шинээр нэвтрүүлэх гэж байна. Энэ нь тариаланчид бараагаа зарах гэж заавал хотруу ирэх шаардлагагүй өөрийн байгаа газраас зарах захиалга оруулж, тэр дундаас худалдан авагч сонголт хийх зарчмаар арилжаа явагдана.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох төмс, хүнсний ногоо нь тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэсэн хүнсний “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-д нийцсэн, “талбайн түүхийн дэвтэр” дээр үндэслэн гаргасан гэрчилгээтэй байх юм. Энэ нь хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний ногоог худалдан авах баталгаа болж байна.