Зураг

“Мөшгөх систем"-ээр малын хулгайг ч илрүүлнэ

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн өвөл шүлхий хэд, хэдэн аймагт тархсанаас хөл хорио тогтоохоос эхлээд нэлээд ажил болсон. Өнөө жил ямар байна вэ? 

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Мал эмнэлгийн  ерөнхий газар байгуулагдан, мал эмнэлгийн байгууллага босоо тогтолцоотой болж, шат, шатандаа чиглэл өгч ажилладаг болсон. Одоо аймаг бүр Мал эмнэлгийн газартай, сум бүр Мал эмнэлгийн тасагтай болж байна.

Энэ жилээс улс орон даяар нэгэн зэрэг буюу тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-ний хооронд малын угаалга, туулгалт, вакцинжуулалт хийсэн. Бодлогын ажлууд цаг хугацаандаа хийгдэж, анхан шатанд ажиллаж байгаа малын эмч нар маань сайн ажилласны  үр дүнд малын өвчлөл гарсангүй.

-Малын өвчин дарагдахаар махны экспортод эерэг нөлөө үзүүлнэ биз?

-Энэ жилийн махны экспортыг өмнөх онуудтай харьцуулахад оргилд гарсан. Одоогоор 40 мянга гаруй тонн мах экспортолсон байна лээ. Казахстан, Иран, ОХУ, Хятад, Япон зэрэг орнуудад үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах гаргадаг.

Малын өвчлөл буурсан, гадаад, дотоод махны гарал үүслийн гэрчилгээг шийдсэнээр худалдан авалт өсч байна. Ирэх жилийн махны экспорт өнөө жилийнхээс ч илүү өснө.

Монгол Улс 80 гаруй сая толгой малтай, жилдээ 18-20 сая төл хүлээн авдаг. Жилдээ 10 сая гаруй толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг.  Өөрөөр хэлбэл,  жил бүр  төлийн  тоотойгоо дүйх малыг эдийн засгийн эргэлтэд оруулж экспортод гарган, дотоодоо аюулгүй хүнсээр хангах нь  Монгол төрийн бодлого болж байна. Тийм учраас Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний системийг санаачлан хийсэн. Эхлээд Архангай, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл гэсэн таван аймгийн 16 суманд Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний туршилтыг эхлүүлсэн нь одоо ажил хэрэг болж байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс 21 аймгийн 332 суманд энэ систем хэрэгжинэ.

Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний систем нэвтэрснээр нэгдүгээрт, малчны хотоос эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг шууд хэрэглэгчид нийлүүлэх. Хоёрдугаарт, малын хулгайгүй болох.  Гуравт, малын шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болно. Өргөн уудам нутагтай учраас малын хөдөлгөөн их хийгддэг.

Дөрөвт, малчид хавар, намрын тарилга, туулгыг цаг хугацаандаа малдаа хийлгэж байна уу гэдгийг малын гарал үүслийн гэрчилгээний системээр хянах боломжтой болж эхэлж байгаа.

Тодруулж хэлбэл, суманд байгаа хувийн мал эмнэлгийн эмч малчдад үйлчилгээ үзүүлнэ. Харин суманд байгаа Мал эмнэлгийн тасгийн эмч хувийн нэгжүүдийнхээ малын эмч нар  хавар, намрын тарилгыг цаг хугацаандаа хийж байна уу, угаалга хийв үү гэдгийг хянаад ажиллах юм.

-Угаалга, тарилгадаа орсныг нь баталгаажуулах юм нь юу байх юм?

-Бидний өдөр тутамд хэрэглэдэг ухаалаг гар утас шиг төхөөрөмж байгаа.  Энэ төхөөрөмж хувийн эмнэлгийн малын эмч бүрт байна. Малчин Доржийнд очоод малыг нь эмбэлээд мэдээллээ сумын төрийн мал эмнэлгийн эмч рүүгээ гар утаснаасаа эсвэл онлайн системээр дамжуулан “шиднэ”.

Доржийнх 100 хонь Улаанбаатар хот руу борлуулах бол тарилга, туулгаа хийлгээд 30 хоног нь гүйцсэн үү, эмийн үлдэгдэлтэй байна уу үгүй юу гэдгийг хянаад, хугацаа нь гүйцсэн бол “борлуулах боломжтой” гэдгийг илтгэх НӨАТ-ын баримт шиг баримт хэвлэж өгнө. Энэ баримт QR кодтой, ямар үйлдвэрт очих вэ гэдгийг нь гарал үүслийн гэрчилгээ дээр нь хэвлээд өгнө.  Махны үйлдвэрт ирэх хонийг 1-100 хүртэл дугаарласан байна.

-Хулгайн малыг хянах боломжтой гэсэн. Яаж хянах юм?

-Авто замын постууд дээр тоног төхөөрөмжийг байршуулна. Машин дээр ачаад явж байгаа малыг ээмэгнийх нь дугаараар алсын зайнаас /10-20 метрийн зайнд/ уншуулчихна. Гарал үүслийн бичгийг малын эмчээсээ авсан байх юм бол малын мэдээлэл гараад ирнэ.  Аль аймгийн ямар сумаас, хэн гэдэг малчны хотоос гарч явсан бэ гэдэг нь гарна.

Хэрэв тийм гарал үүсэл байхгүй бол малын хулгай юм уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй мал явж байна гэсэн үг. Магадгүй рисктэй бүсээс нууцаар мал тээвэрлээд явж байж магадгүй, энэ тохиолдолд халдварт өвчнийг тараах эрсдэлтэй.  Замын пост дээр ажиллаж байгаа эмч, цагдаа нар зогсооно.

Ийм маягаар малчнаасаа малын эмчийн зөвшөөрөлтэйгээр сумаасаа гараад, постонд ирээд, постоосоо үйлдвэрт, үйлдвэрээсээ боловсруулагдаад хүнсний дэлгүүрт ирнэ.

Хүн бүр шахам  ухаалаг утас хэрэглэдэг болсон. Мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны QR кодыг уншуулснаар дэлгүүрт худалдаалагдаж байгаа махны гарал үүслийг мэдэх боломжтой.

-Гарал үүслийн гэрчилгээтэй мах илүү өндөр үнээр борлуулагдаж байна?

-Улс орон даяар эхэлж энэ системээ нэвтрүүлчхээд цаашдаа малчин малаа хэдээр зарав, үйлдвэрт ирэхэд тээвэрлэлтийн зардалд хэдий хэмжээний зардал гарав, дэлгүүрт хэдэн төгрөгөөр зарж байна вэ гэдэг үнийг бодлого руу орох ёстой болно. Тодорхой ашиг бол байх ёстой.

Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Дэнжийн мянгын хүнсний захад очоод хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, хэзээ тарилга туулганд орсон нь мэдэгдэхгүй махыг  хэрэглэгчид худалдаад авдаг.  Гэтэл хорт хавдар гэх аюулт өвчин хүнс, бэлчээр, устай холбоотойгоор их гарч байна.

Ийм учраас эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нь хамгийн чухал байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар малын эмчийн жороор олгох эм, жоргүй олгох эмийн жагсаалтыг гаргасан. Гаднаас орж ирж байгаа малд уулгах эмийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын лабораторид шинжилдэг.  Эдгээр эмэнд малын эмч хяналт тавина.

Тэгэхээр хэрэглэгчид эмийн үлэгдэлгүй бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно. Махнаас гадна сүү.

-Вакцинжуулалт, угаалгыг жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-нд хийнэ гэхээр монголчуудын өвлийн идшээ бэлтгэдэг цагтай хэр уялддаг вэ. Жишээлбэл, шүлхийний эсрэг вакцин хийлгэсэн малыг хүнсэнд хэрэглэх боллоо гэхэд хэчнээн хоногийн дараа хор нь гарсан байдаг юм бэ?

-Малын биеэс эм гадагшлах хугацааг 21-30 хоног байхаар тооцсон. Малчны хотоос хүнсний хэрэгцээний зориулалтаар хөдлөх гэж байгаа малд малын эмч баталгаа өгнө. Хэрвээ тарилга, угаалгынх нь хугацаа дуусаагүй малыг хүнсний хэрэгцээнд зөвшөөрөөд явуулсан байх юм бол малын эмч хариуцлагаа хүлээж, арга хэмжээ авагдана.

Эрхийг нь ч өгье, хариуцлагаа ч хүлээх ёстой гэдэг талаас ажиллаж байна.

-Цаашдаа энэ системийг малын түүхий эд бүр дээр нэвтрүүлнэ гэсэн үү?

-Тийм ээ, эхний ээлжинд махыг энэ системээр нэвтрүүлж байна.  Цаашдаа арьс шир, ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүнийг эрүүл баталгаатай гэдгийг гаргаж ирнэ.

-Жил ирэх тусам түүхий эдийн үнэ унаж, үнэгүйдэж байна. Үхрийн шир өнөө жил 8000 төгрөгөөс дээш гарсангүй. Мал нь шимэгч хорхойд идүүлснээс арьс нь үнэ хүрэхгүй байгаа гэж ярих. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний системийг түүхий эд дээр нэвтрүүлснээр үнэ өртөг өсөх үү?

-Малыг ихэвчлэн гараар ажилладгаас арьс, ширийг гэмтээж байна. Энэнээс болоод арьс ширний үнэ унадаг. Үйлдвэрийн аргаар ажиллахаар гэмтэл өгөх нь бага байдаг. Арьс ширний холбоо бидэнтэй хамтраад ажиллаж байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан гэмтэлгүй арьсыг манай дотоодын үйлдвэрүүд гадагш гаргах боломж бүрдэж эхэлж байна. Тийм учраас энэ систем нэвтэрснээр түүхий эдээ үнэ хүргэх бололцоо бүрдэнэ.

Эх сурвалж: news.mn