Зураг

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох сургалт эхэллээ

Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч брокеруудыг мэргэшүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, арилжаанд оролцох эрх олгох зорилготой “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох сургалт” эхэллээ. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хамтран зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгнө.  Мөн хөдөө аж ахуйн биржийн арилжааг үнэт цаасны арилжаа зохион байгуулдаг биржийн үйл ажиллагаатай харьцуулан, тус биржүүдийн төстэй болон ялгаатай талууд, тэдгээрийн онцлог шинжийн талаар мэдлэг олгоно. Түүнчлэн, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа, түүхий эдийг бүртгэх, гэрээний стандарт гаргах, биржийн арилжаа хэрхэн зохион байгуулагддаг, клиринг, төлбөр тооцоо, тээвэрлэлт, хадгалалт болон ложистикийн цогц үйлчилгээ хэрхэн хийгддэг талаар мэдлэг олгоно.

Сургалтанд оролцогчид мөн биржийн барааны тодорхойлолт, гэрээний стандарт үзүүлэлтийг хэрхэн гаргадаг талаар мэдлэг олгож, санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох спот гэрээ, форвард гэрээ, фьючерс гэрээ, опцион гэрээнүүдийн онцлог, тэдгээрийн давуу болон сул тал, гэрээний хоорондын ялгааны талаарх мэдээллүүдийг авах юм. Түүнчлэн брокеруудын ашигладаг биржийн арилжааны програм хангамж буюу “Backoffice” програм, агуулахын бүртгэлийн програм, арилжааны програмууд дээр хэрхэн харилцагчийн бүртгэл хийх, дансны бүртгэл хийх мөн өөрийн харилцагчийн агуулахын барааг хянах болон захиалга оруулах, захиалгуудаа хянах талаар мэдээлэл авна.