Зураг

“Gucci”, “H&M” брэндүүд монгол ноолуур өндөр үнээр авахад бэлэн гэв

 

“Gucci”, “H&M” брэндүүд монгол ноолуур өндөр үнээр авахад бэлэн гэв

Улаанбаатар хотод энэ долоо хоногт дэлхийн алдартай хувцас загварын “GucciH&MUNIQLO” зэрэгбрэндийн төлөөлөгчид НҮБ-ын урилгаар хүрэлцэн ирж байгальд ээлтэй ноолуурыг Монголоос авдаг болох боломжийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа ажээ. Уг хэлэлцүүлгийн хүрээнд дэлхийн алдартай брэндийн төлөөлөгчид, НҮБ-ын удирдлагууд болон Ногоон хөтөлбөр”-ийн зохицуулагч, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөллүүд хамтран өнөөдөр /2019.06.12/ Корпорейт Конвэншн центрт мэдээлэл хийлээ.


Өнгөрсөн жил “Ноолуур” хөтөлбөр маш амжилттай батлуулж, өмнө нь 980 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол 2018 онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн энэ хөтөлбөртэй холбоотойгоор шинээр 1570 ажлын байр бий болсон гэдгийг албаныхан онцоллоо.

“МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛД ТОМ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ”

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Хэвлэлийн хурлын үеэр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү мэдээлэл  өгөхдөө “Монгол Улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг нийлүүлж байна. Тиймээс монгол ноолуурыг дэлхийн хувцас загварын тансаг зэрэглэлийн үйлдвэрлэгчид ихээхэн сонирхох болсон. Хамгийн гол нь Монгол Улсын хувьд ноолуураа олон улсын стандартад нийцсэн байдлаар үйлдвэрлэх, байгальд ээлтэй ноолуурын чиглэлд боловсруулахад анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн үед Монгол ноолуурын талаар олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагуудаас сөрөг мэдээллүүдийг цацаж байгаа юм. Гэтэл монголчууд эртнээс таван хошуу малаа маллаж, урин дулааны улиралд ноос, ноолуурыг авч, ашигладаг уламжлалтай ард түмэн. Дэлхий нийтэд нэвтэрсэн шинэ техноллгийг нэвтрүүлж, дэлхийн ноолуурын зах зээлд том тоглогч болох боломж бий” гэдгийг хэлсэн юм.

“Ноолуур” хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого сайжирсан. Энэ хавар түүхий ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу нэг кг нь 140 мянган төгрөгт хүрсэн бол баруун аймгуудад 80 мянган төгрөгийн үнэтэй байжээ.  Харин түүхий ноолуур самнаад үйлдвэрлэж буй үйлдвэрүүдийн хувьд ашиг нь буурсан үзүүлэлттэй байна. Учир нь самнасан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнийг барьж байдаг бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын хувьд брэнд хөгжүүлэлт хийж, түүхий эдийн үнийг нөхөж авах боломжтой байдаг аж.

Монгол Улс нийт самнасан ноолуурынхаа дийлэнх хувийг Итали, АНУ, Англи гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орон руу экспортлодог байна. Монгол Улсад ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 орчим аж ахуй нэгж байдаг аж. Харин ноолуур угаахаас эхлэн цогц үйл ажиллагаа явуулдаг долоон үйлдвэр ажилладаг байна. Жишээлбэл, “Говь” компанийн хувьд нэг жилд сая ширхэг ноолууран пальто үйлдвэрлэж, дэлхийн номер нэг үйлдвэрлэгч болохоор томоохон зорилтыг тавиад ажиллаж байна.

“МОНГОЛ НООЛУУР БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭДГЭЭ БАТАЛБАЛ, ӨНДӨР ҮНЭЭР АВАХАД БЭЛЭН БАЙНА”

“H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү

Энэ үеэр дэлхийн алдартай бэлэн хувцасны “H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү байр сууриа хуваалцсан юм. Тэрбээр “Манай брэнд дэлхийн бэлэн хувцасны үйлдвэрлэлээр гуравт жагсдаг. Сүүлийн үед дэлхий дахинд амьтны эрхийг зөрчиж, үйлдвэрлэл явуулж байгаа бол дэлхийн томоохон брэндүүд татгалзах хандлага гарч байна. Тиймээс манай брэндийн зүгээс үүргийнхээ дагуу татгалзаж, мэдэгдэл хүртэл гаргасан байгаа. Гэхдээ Монголын зах зээлд нэвтэрч, ноолуур худалдан авах сонирхолтой байгаа. Монгол ноолуур маш чанартай байдаг. Монгол ноолуурын хувьд аль болох залуу ямааны ноолуур нарийн ширхэгтэй байдаг. Гэтэл БНХАУ-ын хувьд ноолуурын ширхэгийг нарийсгадаг арга технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарч байна. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас монгол ноолуурыг хэрхэн самнадаг талаар видео гаргасан. Энэ видеоноос болж, хэрэглэгчдийн зүгээс маш их дарамт шахалт ирсэн. Гэхдээ бүр мөсөн ноолууран бүтээгдэхүүнээс татгалзаж байна гэсэн үг биш. Монгол Улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал нь эрүүл, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн гэдгээ баталчихвал өндөр үнээр авахад бэлэн байна”  гэв.