Зураг

Д.Баярсайхан: Үнэгүйдэж буй малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулна

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил болон 2020 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал Д.Баярсайхантай ярилцлаа.

  • Өнгөрсөн 2019 онд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК хэр амжилттай ажиллав?

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн 2016 оноос хойш хийсэн санхүү, үйл ажиллагааны шинэчлэлийнхээ үр дүнг 2019 онд үзэж, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулахуйц үр бүтээлтэй ажлуудыг хийж чадсан гэж манай хамт олны хувьд дүгнэж байгаа. Арилжааны жилийн эцсийн дүн л гэхэд 706.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Хөдөө аж ахуйн бирж 2013-2016 он хүртэл дандаа алдагдалтай ажиллаж ирсэн байдаг. Харин 2016 оноос хийж хэрэгжүүлсэн санхүү, үйл ажиллагааны шинэчлэлийнхээ үр дүнд 2017 онд анх удаа 436 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн 2018 онд 1.5 тэрбум төгрөг, 2019 онд  3 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний ажлын үр дүнг илтгэх үзүүлэлт юм. Өнгөрсөн 2019 хэд хэдэн үр дүнтэй ажлуудыг хийсэн. Хамгийн том ажил гэвэл хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн ноос, ноолуурын агуулах болон мах, хүнсний ногооны агуулах мөн арилжааны танхим, оффис лаборатори бүхий ложистикийн төвийг “Эмээлт” захын баруун талд барьж дуусгасан. Тун удахгүй үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Тус ложистикийн төвийн агуулахад 1 удаа 500 тн ноос, ноолуур болон 100-150 тн мах хадгалах хүчин чадалтай бөгөөд жилд 7000 тн ноолуур, 12.000 тн ноос хадгалах боломжтой. Ложистикийн төвийг байгуулснаар малчид, хоршоодоос ирэх мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайжирч малаас гарах түүхий эдийн чанар шинэ түвшинд хүрэх ба чанар стандартыг хангасан бараа түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх ач холбогдолтой. Ингэснээр Хөдөө аж ахуйн бирж нь сонгодог утгаараа ажиллан олон улсын бараа таваарын биржийн жишигт хүрч ажиллах нөхцөл бүрдэж, малчид бараа, түүхий эдээ аймгийн төвөөс бүс нутгийн ложистикийн төвд байршуулж биржийн арилжаанд оролцох боломж бүрдэнэ. Бас нэг томоохон ажил нь Монгол улсад анх удаа блокчайн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны цогц систем нэвтрүүллээ. Тус системийг нэвтрүүлснээр зах зээлд оролцогчдын хүрээ тэлэгдэж, манай малчид, хоршоод, бизнес эрхлэгчид гадаадын бирж, иргэн, аж ахуйн нэгжтэй шууд холбогдох боломжтой болж байгаа юм. Мөн бид малчид хоршоодыг дэмжих зорилгоор  “Мах, Хүнсний ногоо, Цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаа нь дундын шат дамжлагагүй, гарал үүсэл нь баталгаажсан шинэ махыг нийслэлийн хэрэглэгчдэд хүргэсэн бөгөөд малчдад орлого олох, малынхаа түүхий эдийг зах зээлийн хамгийн боломжит үнээр борлуулах боломж олгосон үр дүнтэй арга хэмжээ болсон. Тус арга хэмжээнд 11 аймгийн 50 хоршоо, малчид оролцож  60 тонн мах худалдаалж  780 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Биржийн арилжааны хамгийн чухал зүйл бол гадаад зах зээл байдаг. Тиймээс “Хөдөө аж ахуйн бирж” БНХАУ-ын “Бохай” биржтэй түншлэлийн гэрээг байгуулж, хил дамнасан арилжааг хийж буй. Ийн хилийн чандад арилжаа хийснээр дотоодын зах зээлийг гадаад зах зээлтэй шууд холбож байгаа юм. Бас нэг чухал ажил нь биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлж, 13 нэр төрлийн бараа, түүхий эд арилжаалдаг байсан бол нэмж мах, арьс, ширийг нэмж арилжаалахаар болсон. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь манай биржийн гол зорилт л доо.

  • Одоогоор мах, түүхий, эдийг хараахан арилжаалаагүй байгаа. Хэзээнээс арилжаалах вэ?

Хараахан эхлээгүй, бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Биржээр арилжаалахын тулд мах, арьс шир түүхий эдээ стандартын дагуу бэлтгэж, хадгалаад арилжаанд оруулах чадвартай брокеруудаа бэлтгэх хэрэгтэй байна. Одоогоор тийм чадвартай хүмүүсээ судлах түвшинд явж байна. Арилжаалах эрхзүйн орчин бол бүрэн бүрдсэн.  Өмнө нь бид зөвхөн ноолуур арилжаалдаг байсан бол одоо мах, амьд мал, арьс шир, ноолуур, ноос гээд малын гаралтай бүхий л түүхий эдийг арилжаалдаг болж байна. Бид 2018 оны сүүлчээр мах, амьд мал арилжих форвард гэрээнүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл эрүүл бүсээс эрүүл мах, малыг махны үйлдвэрүүдэд нийлүүлээд махны үйлдвэрүүд нь томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэх чиглэлээр туршилтын арилжаанууд хийж эхэлсэн. Тухайлбал Төв аймгийн Эрдэнэ сумын махны үйлдвэр "И-март" сүлжээ дэлгүүрт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нэг малчин “Номин их дэлгүүрт” махаа нийлүүлж байгаа. Мэдээж тэр мал, мах нь нь эрүүл бүсээс чиптэй, ээмэгтэй, бүртгэлтэй, гэрчилгээтэйгээ ирнэ. Түүнийг нь уншдаг аппликэйшнтай. Мөн Ханбогд кашмер Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нэг хоршоотой ноолуурын гэрээ хийсэн байгаа. Бас зөвхөн ноолуурын худалдаа хийгээд зогсохгүй, худаг ус гаргах дээр нь дэмжих гээд өргөн хүрээнд урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр манай бирж зөвхөн экспортод гарч байгаа бараа, түүхий эдийн арилжаа гэлтгүй дотооддоо малчдын малын мах, түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн махны үйлдвэрүүд ч арьс ширээ “Дархан нэхий” үйлдвэрт нийлүүлэх санамж бичиг байгуулсан байгаа.

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өмнөговь аймгийн Номгон, Дорнод аймгийн Сүмбэр, Увс аймгийн Бөхмөрөн гэх мэт алслагдсан сумын  малчид хотын төвийн махны үйлдвэр, сүлжээ дэлгүүрүүдэд мал, махаа нийлүүлэх боломж байгаа юу?

Монгол орны бүх өнцөг булан бүрээс малчид, иргэд манай 7012-8779, 7013-8779, 7014-8779, 99185472 дугааруудад холбогдоод захиалгаа өгч болно. Бид тэдний тавьсан саналыг судалж үзээд үйлдвэрүүдтэй холбож өгнө. Холбож өгсний хөлс, төлбөр гэж авахгүй. Манай бирж аймгуудын хоршоодтой байнгын харилцаатай ажиллаж, үйлдвэр дэлгүүрүүдтэй холбож өгч байгаа. Ер нь бидний ажлын гол түшиг тулгуур бол малчид, хоршоо л доо. Малчид, бирж хоёр хамтарч ажиллаж байж л үр дүнд хүрнэ. Малчин гишүүн бүхий загвар хоршоо байгуулах шаардлагатай гэж үзэж, хоршоог бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулаад яаманд өгсөн байгаа. Нэг суманд нэг загвар хоршоо байгуулчихвал малчид хоршоондоо түүхий эд, мал, махаа мөнгөөр, эсвэл ахуйн болон хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүн авахаар тохиролцоод нийлүүлчихнэ. Харин хоршоо нь ямар нэгэн дундын ченжийн дамжлагагүйгээр шууд биржтэй холбогдоод зах зээлийн хамгийн өндөр үнээр борлуулах боломжтой юм.

  • Гэхдээ малчид, хоршоонуудын хувьд бараа бүтээгдэхүүн худалдаж авах мөнгө, агуулах сав байхгүй, аймаг, хотод руу очоод зах зээлийн өндөр үнэд хүргээд өгөх гэхээр тээврийн зардал байхгүй зовлон байдаг шүү дээ...

Монгол улсын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо нь энэ чиглэл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулах юм бол түүх эд бэлтгэх анхан шатны нэгжүүд хангалтгүй л дээ. Япон, Солонгос, Австрали зэрэг хоршоо сайн хөгжсөн орнуудын малчид, фермер, анхан шатны түүхий эд бэлтгэгчид нь бүгд хоршооны гишүүн байдаг.   Манай улсын хувьд өргөн уудам тал нутагтай, малчид нэгнээсээ хол зайд тархай бутархай, төв суурин газраасаа алслагдсан газар амьдардаг онцлогтой учраас малынхаа түүхий эдийг нэг газар төвлөрүүлж, хадгалж борлуулах боломж байдаггүй. Тийм учраас бид загвар хоршоо байгуулах төсөл боловсруулаад ХХААХҮЯ-нд өгсөн байгаа. Тодруулбал “1000”-ны замын хэвтээ тэнхлэгийн дагуу түүхий эд бэлтгэлийн 50 хувиас дээш хэсгийг бэлтгэх боломжтой дэд бүтэц сайн хөгжсөн 8 аймагт малын гаралтай түүхий эдийг бэлтгэх цэг бүхий загвар хоршоо байгуулахаар ажиллаж байна.

  • “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2020 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

Эхний ээлжид ложистикийн төвийнхөө үйл ажиллагаанд жигдрүүлнэ. Бас нэг чухал ажил бол блокчайн системээ бүрэн нэвтрүүлж, хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ онд бидний тавьж буй хамгийн том зорилт бол малын гаралтай түүхий эдийг гадаад зах зээлд гаргах. Өөрөөр хэлбэл үнэгүйдэж буй малын түүхий эдийг гадаад зах зээлд худалдаалж эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллана. Ингэснээр малчид малын гаралтай түүхий эдээ өндөр үнээр борлуулж, ашиг орлого олох боломж бүрдэх юм.

Монгол Малчин Ярилцсан:С.Мөнхжаргал