Зураг

Байнгын бус гишүүн оролцогч хоршоо онлайн арилжаанд амжилттай оролцлоо

 Монгол Улсын Их Хурлаас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль” – ийг 2011 онд баталсан. Энэ хуулийн 10 дугаар бүлэгт Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох гишүүн оролцогчдыг ангилан зааж өгсөн байдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоод нь Байнгын бус гишүүний статустайгаар Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд өөрсдийн бараа, түүхий эдийг арилжих боломжтой болсон.

 Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол таван эрдэнэ” хоршоо нь Хөдөө аж ахуйн биржтэй 2015 онд Гишүүнчлэлийн гэрээг байгуулсан. Тус хоршоо нь Хөдөө аж ахуйн биржийн холбогдох дүрэм, журмыг даган мөрдөж, шалгуур үзүүлэлтийг хангаснаар Хөдөө аж ахуйн биржийн анхны байнгын бус гишүүнээр бүртгэгдэн 2016 оны 02 сарын 22-ны өдөр арилжаанд амжилттай оролцлоо.

 Байнгын бус гишүүн оролцогч ХОРШОО нь анх удаа Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож байгаагаас гадна өөрийн орон нутгаас онлайн хэлбэрээр оролцож байгаа нь бас нэг онцлох үйл явдал болж байна. Хоршоод нь орон нутагт байрлах ажлын байрнаасаа арилжаанд оролцож өөрсдийн гишүүдийн бараа, түүхий эдийг арилжих боломж бололцоо бүрдүүлээд байна.

 Хоршоод нь орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн, малчид, тариаланчдад дараах давуу талыг бий болгож байгаа юм. Үүнд:. 1-рт, хоршоо нь арилжааны үр дүнд зах зээлийн бодит үнээр өөрсдийн бараа, түүхий эдийг орон нутгаасаа арилжих, түүхий эдийн зах зээлийн үнийг тогтмол хүлээн авах, орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд түгээх. 2-рт, өөрийн бэлтгэсэн бараа, түүхий эдийг шат дамжлагагүйгээр худалдах, тээвэрлэлтийн өртөг буурах улмаар өөрсдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх давуу талууд үүснэ. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид маань түүхий эд бэлтгэлийн анхан шатны нэгжээс өөрийн үйлдвэрийн түүхий эдийг худалдан авах боломжийг давхар нээж өгч байна.

 Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол таван эрдэнэ” хоршоо нь Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож эхэлснээр Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад хоршоодын дунд жишиг болж, биржийн арилжаанд хоршоод өргөнөөр оролцох боломж, бололцоог таниулсан явдал юм.