Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хил дамнасан арилжаа хийхээр болсон талаараа өнөөдөр /2018.03.30/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эх сурвалж: ХХААХҮЯ Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийг гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Афганистан, ОХУ зэрэг улсууд байдаг. Манай улсын хувьд 40 орчим хувийг бэлтгэн нийлүүлж байна. Ноолуурын түүхий эдийн үндсэн шинж чанараар Монгол, БНХАУ-ын ноолуур хамгийн сайнд тооцогддог. Тиймээс ч өмнөд хөрштэйгээ ийнхүү хамтран ажиллахаар болж байна.

Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр нь ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлээр ХХААХҮЯ, Хөгжлийн банк хамтран ажиллах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн бирж голлох үүрэг гүйцэтгэж байна.

Дашрамд дурдахад, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2017 онд 163 удаагийн спот, 1 удаагийн форвард гэрээний арилжаа зохион байгуулж, 6,955.7 тонн ноолуур, 10,887.6 тонн хонины ноос, 355.5 тонн тэмээний ноос, 1,674.1 тонн ямааны завод ноос, 1,206.7 тонн хонины завод ноос тус тус арилжжээ.