Зураг

Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Эх сурвалж: ХХААХҮЯ
Уулзалтын эхэнд, Элчин сайд Баба Ахмад Жида "Монгол-Нигери улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 46 жил болж байна. Нигери улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт түшиглэн хөгжиж, газрын тосны экспортод түлхүү анхаарч ирсэн хэдий ч ирээдүйд хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй туршлагаас суралцах зүйл их байна" гэлээ.

Тэрбээр, Нигери Улс нь улаан буудай, цагаан будаа мөн жимс жимсгэнэ голчлон тариалдаг талаар дурдаад манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын чиглэлээр туршлага хуваалцаж, хүнсний бүтээгдэхүүн харилцан худалдаалах боломжийн талаар судалж үзэхийг хүссэн юм.

Дэд сайд Ж.Сауле Элчин сайдад хандан, Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ гардуулан, улмаар хоёр орны хоорондын харилцааг өргөжүүлж хөгжүүлэх, тэр дундаа хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааны чиглэлээ тохирох, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирж буйд талархлаа илэрхийлээд, салбарын талаар товч мэдээлэл өглөө.

Мөн тэрээр Элчин сайдын тавьсан саналыг нааштайгаар хүлээн авч, хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа мэргэжилтнүүд харилцан солилцож, туршлага судлах бүрэн боломжтой талаар хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд, Элчин сайд Баба Ахмад Жида, цаашид хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд харилцаа холбоо тогтооход гүүр болон ажиллахаа илэрхийлсэн.