Зураг

Хөдөө аж ахуйн бирж байгуулах Засгийн газрын тогтоол гарав

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар хөрөнгө батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар сараас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлэв. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр биржийн дүрэмд тусгав. Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогч, арилжааны зах зээлд оролцогч, үндэсний үйлдвэрлэгч, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдэд 49 хүртэлх хувийн хувьцааг санал болгох замаар компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам үзэв.