Зураг

ХАА-н Бирж" ХХК , "Монгол тээвэр нэгдэл" ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.

" Хөдөө аж ахуйн бирж ХХК нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.Энэ хугацаанд хөдөө, аж ахуйн гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дотоод гадаадын худалдан авагч, дотоодын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг холбох нэгдсэн зохицуулалттай зах зээлийг бий болгох чиглэлээр ажлууд хийсээр ирсэн. Монгол улсын өргөн уудам газар нутаг, дэд бүтцийн хөгжил тэр дундаа авто зам, ачаа тээврийн асуудал нь Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Энэ асуудлыг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК , “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тэй хамтран шийдвэрлэхээр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК нь “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК-аар арилжаалагдсан бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хүргэх, хадгалахаас гадна дотоодын болон экспортын ачаа тээвэрлэлтийг иж бүрэн даатгалтай тээврийн хэрэгслээр, маршрутын дагуу түргэн шуурхай, найдвартай зохион байгуулах юм.Энэхүү гэрээний үр дүнд Монгол улсын 300 гаруй сум, суурин газруудаас түүхий эдийг тээвэрлэх ажил хийгдэнэ. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа түүхий эд бэлтгэлийн анхан шат буюу малчид, тариаланчид, хөдөө аж ахуйн хоршоо компанид хүрэх боломж нээгдэж байгаа юм. Үүнээс гадна нэгдсэн тээврийн сүлжээг түүхий эдийн зах зээлд нэвтрүүлснээр түүхий эдийн тээвэрлэлтийн зардал буурах, тээвэрлэлтийн явцад гарах аливаа эрсдэл үгүй болох, түүхий эдийн нийлүүлэлт түргэн шуурхай болох зэрэг эерэг үр дүн гарна. Цаашлаад Талууд хөдөө аж ахуй, зам, тээвэр, гааль, стандартчилал, чанарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн чанар стандартыг хангуулах зорилгоор хадгалалт, түгээлт, ложистикийн төвүүдийг байгуулах, ачаа тээврийг хөгжүүлж улам оновчтой зохион байгуулахад чиглэсэн шат дараатай ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот