Зураг

ФОРВАРД АРИЛЖААГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль батлагдаж, Хөдөө аж ахуйн бирж 2013 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн спот гэрээний арилжаа зохион байгуулж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжаа спот болон үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих тусгай зөвшөөрлийг 9 сард Хөдөө аж ахуйн биржид олгосон. Үүний хүрээнд 2017 оны 12 сарын 19 өдөр анхны форвард гэрээний арилжааг Монгол улсад анх удаа Хөдөө аж ахуйн бирж зохион байгууллаа. Тус арилжаанд Хэнтий, Төв, Архангай аймгийн хоршоод болон Монголын дотоодын компани, иргэн оролцож нийт 11.5 тонн ноолуурыг ирээдүйд худалдах, худалдан авах хэлцэл хийлээ. 2018 оны 4 дүгээр сарын сүүлийн хагаст ноолуурыг худалдан авагчдад нийлүүлж төлбөр тооцоо хийгдэнэ. Энэхүү Форвард гэрээ нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээний арилжаа юм. Малчид, хоршоод малын гаралтай түүхий эдийг урьдчилсан тохирсон хэмжээгээр худалдан авч үйлдвэрүүдэд болон экспорт гаргах зорилгоор арилжаа хийгдэн гэрээ байгуулах юм. Форвард гэрээний арилжаанд оролцсоноор малчид, хоршоод малын гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ бодитоор тогтоход оролцох, зах зээлийн үнэ хэт унах эрсдэлээс сэргийлэх, түүхий эд боловсруулах үйлдвэрүүд түүхий эд нийлүүлэлтийн эрсдэл болон зах зээлийн үнэ хэт хөөрөгдөх эрсдэлээс тус тус сэргийлэх боломжууд бүрдэнэ. Монгол улс дэлхийн ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг. Өөрийн зах зээл дээр тоглогч болж чаддаггүй. Энэ урьдчилсан гэрээг байгуулснаар Монгол улсын бизнес эрхлэгчид ноолуурын зах зээл дээр гадаадын худалдан авагчидтай өрсөлдөх боломж нээгдэнэ. Цаашид түүхий эдийн тогтолцоог сайжруулах, орон нутагт итгэмжлэгдсэн агуулахын үйл ажиллагааг эхлүүлэх, нэгдсэн мэдээллийн систем дээр тулгуурлан малчид, хоршоодын түүхий эд бэлтгэлийг сайжруулж, эцсийн худалдан авагч /үйлдвэр/-дэд шууд түүхий эдийг худалдах зорилго агуулж байна.