Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа.

 
    Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-д  хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь олголоо. Энэхүү зөвшөөрлийг авсанаар цаашид  үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох форвард, фьючерс гэрээгээр арилжаа эрхлэх боломжтой боллоо.

  "Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан, бараа, түүхий эдийн чанар, тээвэр, баталгаат агуулах, лабораторийн стандартыг хангуулах, үнийн өөрчлөлтөөс сэргийлэх талаар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, Санхүүгийн Зохицуулах Хороотой нягт хамтран ажиллах,  эрсдэлийг бууруулах санг үүсгэж, зохицуулалт бий болгох, арилжаа, төлбөр тооцооны болон брокер компаниудын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журам зааварт нийцүүлэн баталж, Хороогоор батламжлуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Х.Баатарт үүрэг болгов.


  Түүнчлэн, биржийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, компанийн засаглал, тайлагналын ил тод байдлыг хангуулж, боловсон хүчний чадавхыг сайжруулах, арилжаалагдах бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл үнэт цаасны арилжааг эхлүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллахыг ХХААХҮ- ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд зөвлөлөө.