Зураг

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

 

Монголын хөдөө аж ахуйн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

            “ Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь мэдээллийн ил тод, шуурхай байдлыг  хангах зорилгоор өөрийн цахим хуудсыг арилжаа болон цаг үеийн мэдээ мэдээллээр  баяжуулан зах зээлийн оролцогчид хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Та биржийн цахим хуудсанд зочилсноор байгууллагын үйл ажиллагаа болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна гэдэгт итгэж байна.

            Хөдөө аж ахуйн бирж нь хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн оновчтой тогтолцоо бүхий зах зээлийг бий болгох, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зэх зээл дээр бодитоор үнэлүүлэх боломж бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

            Бирж 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.4 их наяд төгрөгийн арилжааг гүйцэтгэснээр Монгол улсад бэлтгэгдэж буй хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн статистик тоо хэмжээ үнэн зөвөөр гарч тус салбарын далд эдийн засаг багасаж, тодорхой хэмжээний мөнгөн урсгал чөлөөлөгдөн төсөвт болон зохицуулах байгууллагуудад төвлөрч эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байна.

            “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 2017 онд стратегийн төлөвлөгөө боловсруулан, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалах тусгай зөвшөөрөл авлаа.

            Монгол улсад анх удаа ноолуурын форвард арилжаа хийж, уг арилжаанд үндэсний компани, иргэд оролцлоо.

            Тус бирж БНХАУ-ын Бохай таваарын биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж хил дамнасан арилжаа хийх бэлтгэл хийж байна.

           Цаашид Монгол улсад хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн  тогтолцоог сайжруулах, ложистикийн сүлжээ бий болгож, худалдан авагчид үйлдвэрлэгчдээс бараа шууд худалдан авах боломж бүрдүүлэх, арилжаа, клиринг, төлбөр тооцооны олон улсын шаардлагад нийцсэн програм хангамж, технологийн шинэчлэл хийх, үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг улам өргөжүүлэх, хил дамнасан арилжааг зохион байгуулах юм. Ингэснээр хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн арилжааны зах зээл сонгодог утгаараа хөгжих болно.

Монголын хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэгч малчид, хоршоо, үйлдвэр, түүхий эд худалдан авагчид, биржийн гишүүн брокерын компаниуд Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.  

             Монгол улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон хөдөө аж ахуйн салбар улам хөгжин дэвших болтугай!

 

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн

Гүйцэтгэх захирал Х.Баатар