Зураг

Бидний тухай

 

Эрхэм зорилго “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн эрхэм зорилго нь “Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийн оновчтой тогтолцоо бүхий зах зээлийг хөгжүүлэх, оролцогчдод зах зээлийн бодит ҮНЭ хүргэхэд оршино”.

Бирж үйл ажиллагаандаа ил тод, шударга зарчмыг баримталж, Монгол Улсын аймаг, сум бүрээс “онлайн” арилжаанд оролцож буй бараа, түүхий эд бэлтгэгч бүрийн тэгш оролцоог хангах, бараа, түүхий эдийн үнэ, ханшийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй орон даяар шуурхай хүргэх олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг санал болгосноор хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинг бодитой үнэлэх, төлөвлөх боломжийг бүрдүүлэх зорилготой.

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль болон “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журам”-д арилжаанд оролцох үндсэн шалгуур нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байхаар заасан бөгөөд энэхүү зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 37 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авч Биржийн байнгын гишүүнээр арилжаанд оролцсон байна. Түүнчлэн “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуульд заасны дагуу “Хоршоо” нь тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр байнгын бус гишүүнээр арилжаанд оролцох боломжтой.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын баталсан “Үйл ажиллагааны ерөнхий журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан агуулахуудад Биржийн итгэмжлэл олгодог бөгөөд 2014 оноос эхлэн итгэмжлэл хүсэгчтэй 1 жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрээ байгуулдаг болсон.

Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад ноолуур, хонины ноос, тэмээний ноос, бодын хөөвөр, завод ноос, ямааны завод ноос, тосны ургамал, хүнсний буудай зэрэг 8 нэр төрлийн бараа, түүхий эд орсон ба тус бүрийн барааны тодорхойлолтыг боловсруулан баталсан.

2015 оноос эхлэн биржийн индекс тооцоолж олон нийтэд мэдээлж эхлэсэн. “Mongolian Agricultural Price IndeX” буюу MAPIX нь “Монголын хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд Бирж дээр арилжигдаж байгаа бараа, түүхий эдийн үнийг математик загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог.

Бирж нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг. 2013 оноос эхлэн ХААН банк, Төрийн банк болон Голомт банкаар дамжуулан арилжаанд оролцогчдын дэнчингийн гүйлгээ, худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон бусад өдөр тутмын төлбөр тооцоог хийж байна.

Бирж 2013 оноос 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 671 өдрийн арилжаа зохион байгуулж, арилжааны нийт дүн 1.85 их наяд төгрөгт хүрээд байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар холбогдох хуульд заасны дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагыг томилсон ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Биржийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон ба нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга:

Э. Сумъяа - Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд:

М.Энх-Амар - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Д.Оюун-Эрдэнэ - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

Б.Эрдэнэбулган - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

О.Мөнхсоёл - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

С.Энхзориг - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд:

В.Үнэнбат - Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал

А. Батпүрэв - "Таур Медиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ш. Энхтуул - МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Баатарыг томилсон.

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс томилогдсон Гүйцэтгэх захирал удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах ба Гүйцэтгэх захирлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд туслах, мэдээллээр хангах, зөвлөх чиг үүрэг бүхий Захирлын зөвлөл ажилладаг.

Захирлын зөвлөл:

Х.Баатар - Гүйцэтгэх захирал

Т.Чинбат - Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал

Ж.Мягмарсүрэн - Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал

Б.Чулуунбаатар - Арилжааны хэлтсийн захирал

Ц.Дуламсүрэн - Төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн захирал

Д.Эрдэнэбат - Мэдээллийн технологийн хэлтсийн захирал

О.Сайнжаргал - Гүйцэтгэх захирлын зөвлөх

Нарийн бичгийн дарга:

Г.Туяа - Хуулийн зөвлөх