Шинэ журам зөвхөн ноолуур төдийгүй биржээр арилжигдах барааны жагсаалтад орсон бүх барааны хувьд үйлчилнэ. Тус журмын зарим зохицуулалтын» хувьд брокерууд харилцан адилгүй ойлголттой байгаа тул шинэ журмаар ямар харилцааг хэрхэн зохицуулсан талаар хариулъя. Журам хэрэгжиж эхэлснээр байнгын гишүүн брокерууд арилжаанд оролцохдоо танхимаар болон орон нутгаас онлайн хэлбэрээр оролцохыг зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр хэлбэрээр арилжаанд оролцох брокер эхлээд биржийн “итгэмжлэгдсэн” болон түр гэрээт агуулахуудад бараагаа оруулж, тухайн агуулахаас “Агуулахын бүртгэл”-ийн програмаар барааны хэмжээ, гарал үүслийг бирж рүү мэдээлж зарах захиалга оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, брокерууд биржээс итгэмжлэл олгосон агуулахууд болон түр гэрээт агуулах бүхий субъектүүдтэй гэрээ байгуулж бараагаа тухайн агуулахаар дамжуулж бүртгүүлж, шалгуулж арилжаанд орох болсон. Итгэмжлэгдсэн болон түр гэрээт агуулахууд нь боловсруулах үйлдвэрүүд/ийн агуулах/ юм. Дурдсан ажиллагааны үе шатыг схемчилбэл: Харилцагч à брокерын компанид данс нээлгэх, захиалга өгөх à агуулахад бараагаа оруулах à барааны мэдээг агуулах бирж рүү дамжуулах à брокер арилжаанд оролцож захиалгыг биелүүлэх.

Эхлээд өнгөрсөн жилийн үйл ажиллагаа болон арилжаа зохион байгуулалтын талаар товч тайлбарлаад асуултанд хариулт өгвөл ойлгомжтой байх болов уу. 2013 оны хувьд Бирж болон арилжаанд оролцогчид зах зээлээ зохион байгуулах арга хэлбэрээ тодорхойлж, туршилтын журмаар явагдсан. Энэ жилээс арай өөр зорилт тавьж байна. Учир нь Монголын хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг худалдан авагчид нь дотооддоо үйлдвэрүүд, гадаадын худалдан авагчдын хувьд зуучлагчид байсаар байна. Иймд эцсийн худалдан авагчдыг зах зээлд татан оролцуулах хэрэгтэй байгаа тул тэдгээрийн шаардлага, стандартыг хангах агуулахууд нь боловсруулах үйлдвэрүүд байх боломжтой гэж үзээд энэхүү шинэчилсэн шалгуур үзүүлэлтийг боловсруулж мөрдүүлж эхлээд байна. Энэхүү шаардлагын дагуу брокерууд итгэмжлэгдсэн агуулахад байгаа барааг арилжаалах зуучлалын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Орон нутгийн иргэд, малчдын бүлэг, малчдын хоршоо нь цуглуулсан бараа, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулахын тулд эхлээд, биржийн байнгын гишүүн, тухайн аймаг орон нутаг дахь брокерын компанид хандан гэрээ байгуулж харилцагч нь болно. Тус брокерын компанийн дэргэд биржийн итгэмжлэгдсэн агуулах байх ба харилцагч өөрийн бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хүлээлгэн өгснөөр биржийн арилжаанд оруулах боломжтой болно. Брокерын компани итгэмжлэгдсэн агуулах дахь биржийн барааг арилжаанд оруулж худалдан авагчтай хэлцэл хийснээр төлбөр тооцоо, бараа хүргэлтийн ажиллагаа явагдана. Иргэд бараа, түүхий эд хүлээлгэн өгөхдөө гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан баримт авах бөгөөд уг баримтыг хадгалж, арилжааны дараа арилжаанд оруулсан түүхий эдийн төлбөрөө авахад ашиглана.

Манай улсын эдийн засгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбарт төр засгаас ихээхэн анхаарал хандуулж, боловсронгуй, төлөвлөгөөтэй, нэгдмэл зах зээлийн систем бий болгохын тулд Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан билээ. Биржийн арилжаа явагдаж эхэлснээр хараа хяналтгүй, олон жил урсгалаараа явж байсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зах зээлийг цэгцлэх, тодорхойлох боломжгүй байсан малчдын орлогыг тодорхой болгож, төлөвлөлтөд оруулах, цаашилбал Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны моргейжийн зээлд хамруулах нөхцөл бүрдэж байна. Малчид түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандсанаар орлогоо урьдчилан төлөвлөх, ашгаа нэмэгдүүлэх зэрэг олон талын ашигтай.

Орон нутгийн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг хоршоод брокерын компанийн харилцагч болж, түүгээрээ дамжуулан арилжаанд бараа, түүхий эд оруулах боломжтой. Хөдөө аж ахуйн бирж “Жишиг хоршоо” төсөл боловсруулж, 2014 оноос хэрэгжүүлж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд энэ нь, сумын төвүүдэд дундын хоршоог байгуулан цэгцтэй, тогтвортой үйл ажиллагаанд чиглүүлэх төсөл юм. Үүнийг хэрэгжүүлснээр малчид сумынхаа түүхий эдийн зах зээлийг өөрсдөө удирдан зохицуулах боломж бүрдэнэ.

Хөдөө аж ахуйн биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг барааны бүлэг тус бүрээр гаргасныг mce.mn вэб сайтнаас үзэх боломжтой. Шалгуур үзүүлэлтийг хангасан агуулах нь бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн бүрдүүлж биржид хандах бөгөөд бирж тогтоосон хугацаанд тухайн агуулахад итгэмжлэл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ноолуурын хувьд, Улаанбаатарт бол ноолуур самнах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн дэргэдэх агуулахад, орон нутагт бол онлайн хэлбэрээр арилжаанд оролцох брокерын компанийн агуулахад итгэмжлэл олгох боломжтой.

Агуулахын итгэмжлэлийн гэрээг барааны төрлөөр байгуулах бөгөөд нэг агуулах нэгээс дээш төрлийн барааны итгэмжлэл авах боломж нээлттэй. Харин итгэмжлэл аваагүй барааны төрлөөр агуулахын бүртгэл хийх боломжгүй. Жишээлбэл, ноолуурын төрлөөр гэрээ байгуулаагүй, ноосны төрлөөр гэрээ байгуулсан итгэмжлэгдсэн агуулахаас ноолуур арилжаанд оруулж болохгүй гэж ойлгох хэрэгтэй.

Болно. Итгэмжлэгдсэн агуулахтай байх гэдэгт брокерын компани нь өөрийн агуулахыг итгэмжлүүлсэн, брокерын компани итгэмжлэгдсэн агуулахтай гэрээ байгуулж хамтран ажилладаг гэсэн хоёр ойлголтыг хамруулан ойлгож болно. Нэг итгэмжлэгдсэн агуулах хэд хэдэн брокерын компанитай гэрээ байгуулж хамтран ажиллах ч боломжтой.

Биржийн арилжаанд боловсруулаагүй ноолуурыг өнгөөр нь ялгасан бол арилжаанд оруулж болно. Үүнд цагаан, цайвар, бараан гэсэн гурван өнгө байгаа. Харин боловсруулсан буюу самнасан ноолуурыг өнгөнөөс гадна чанарын үзүүлэлтээр нийт 12 ангилж арилжаанд оруулна.

Биржийн итгэмжлэл авсан Улаанбаатар дахь ноолуур боловсруулах үйлдвэрийн агуулах нь өөрийн боловсруулсан ноолуурын чанарыг хариуцна. Харин, боловсруулаагүй ноолуурын чанарын асуудлыг уг ноолуурыг арилжаанд оруулсан брокерын компани бүрэн хариуцаж ажиллана. Ноолуурын чанарын асуудлаар маргаан гарвал хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн тусламжтайгаар биржийн барааны тодорхойлолтод заасан үзүүлэлтийг хангах эсэхийг тодорхойлуулж, шийдвэрлэх бөгөөд буруутай этгээдэд хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх журамтай.