“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ИЙН

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Бодлогын баримт бичгийн зорилго

1.2  Баримтлах зарчим

1.3  Хамрах хүрээ

1.4  Хүний нөөцийн бодлогод өөрчлөлт оруулах

1.5  Хүний нөөцийн бодлогоос татгалзах эрх

Хоёр. Хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл

2.1 Үйл ажиллагааны эрхэм зорилго, зарчим

2.2 Ажлын байр, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, шаардлагад нийцсэн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх

2.3 Хүний нөөцийн свот шинжилгээ

2.4 Цалин хөлсний систем

2.5 Хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхийг бэхжүүлэх

2.6 Ажилтны нийгмийн халамжийн баталгааг хангах, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах

2.7 Удирдлагын манлайллыг хангаж, албан тушаал дэвших/карьерын/тогтолцоог бүрдүүлэх

2.8 Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж ашиглах

Гурав. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт  

3.1 Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах

3.2 Санхүүжилт

3.3 Хүний нөөцийн бодогын баримт бичиг хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр дүн 

Нэг. Нийтлэг үндэслэл

Компанийн хүний нөөцийн бодлого нь Монгол улсын хууль тогтоомж болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд үндэслэсэн хүний нөөцийн талаар баримтлах залгамж чанартай үндсэн баримт бичиг мөн.

Энэхүү бодлогын баримт бичиг нь “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, нийгмийн баталгааг хангах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгож байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.

1.1  Бодлогын баримт бичгийн зорилго

Компанийн эрхэм зорилго зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулах замаар хүний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийг тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгуулах, сэлгэж ажиллуулах, албан тушаалд дэвшүүлэх, ажлаас түр хугацаагаар чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах, цалин хөлс олгох болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад асуудлаар хуулийн дагуу адил тэгш боломжийг ажилтан бүрт олгох, мэдээллийн системийг сайжруулах замаар хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулахад оршино.

1.2  Баримтлах зарчим

      Шудрага ёс, ил тод, тэгш байдал;

      Урт хугацаанд тогтвор сууршилтай ажиллах;

      Сурч хөгжих боломж;

      Хараат бус бие даасан байдал;

      Гүйцэтгэлд суурилсан урамшуулал;

 1.3  Хамрах хүрээ

Энэхүү бодлогын баримт бичигт орсон заалтууд нь “ Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үндсэн болон туршилтаар, гэрээгээр ажиллаж буй бүх ажилтнуудад хамааралтай ба хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой асуудлыг зохицуулахад удирдамж болгон ашиглагдана.

1.4  Хүний нөөцийн бодлогод өөрчлөлт оруулах

Захиргаа, дотоод аудитын хэлтэс нь хүний нөөцийн бодлогын баримт бичигт хамаарах ажилтныг ажилд авахаас эхлэн ажиллах хугацаанд тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хариуцлага ногдуулах, шагнаж урамшуулах, тэтгэвэрт гаргах, тэтгэмж тэтгэлэг олгох, сургалтын төлөвлөгөө батлах, сургалтанд хамруулах зэрэг асуудлыг Гүйцэтгэх захирал болон захирлын зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх мөн өөрчлөлт оруулах эрхтэй.

1.5  Хүний нөөцийн бодлогоос татгалзах эрх

Компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгээс онцгой тохиолдолд татгалзах эрхтэй бөгөөд тухайн нөхцөл байдлыг харгалзан Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал Гүйцэтгэх захиралтай зөвшилцөн өөрөөр шийдвэрлэж болно.

Асуудлыг бодлогын баримт бичигт тусгаснаас өөрөөр шийдвэрлэсэн нь цаашид гарах ижил төстэй асуудлыг шийдвэрлэхэд баримтлах чиглэл болохгүй.

Хоёр. Хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл

2.1 Үйл ажиллагааны эрхэм зорилго, чиглэл

“Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, таваарын  оновчтой тогтолцоо бүхий зах зээлийг бий болгон төлөвшүүлэх, оролцогчдод зах зээлийн бодит ҮНЭ хүргэх”-д оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэх зарчим нь шударга, нээлттэй байх бөгөөд хэрэгжүүлэх механизм нь олон улсын жишигт нийцсэн байхын зэрэгцээ сахилга бат, шударга байдлыг чанд сахисан ёс зүйг, мэдлэг боловсрол, чадвартай зөв хослуулан ажиллана.

Компанийн үйл ажиллагаа, удирдлагын зарчим нь хүнд сурталгүй, зах зээлийн оролцогчдыг тэгш нөхцөлөөр хангаж, авлигаас ангид, ил тод байдлыг эрхэмлэн ажиллах нь зах зээлийн зохицуулалтын зөв бөгөөд үндсэн нөхцөл гэж үзэн үйл ажиллагаандаа зарчим болгон ажилласнаар санхүүгийн хүчирхэг, нээлттэй хувьцаат компани болгон хөгжүүлж Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийн зах зээлийг хөгжлийн шинэ шатанд гаргах болно.

 

2.2 Ажлын байр, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, шаардлагад нийцсэн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх

Компанийн эрхэм зорилго, зорилтыг хангаж ажиллахын тулд биржийг мэргэшсэн чадварлаг хүний нөөцөөр тасралтгүй хангах, одоо ажиллаж буй хүний нөөцийн ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны онцлог, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнөөс үүсч болох нөхцөл, үр дагаврыг урьдчилан тооцох, хүний нөөцийн зардлыг хэмнэх, цаашид шаардлагатай хүний нөөцийг төлөвлөх, сургаж хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахаар хүний нөөцийг гадаад болон дотоод эх үүсвэрээс судалж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хүний нөөцийн хэрэгцээг дараах байдлаар Захиргаа, дотоод аудитын хэлтэс хангаж ажиллана.

Дотоод эх үүсвэрээс нөөц бүрдүүлэх:

-          Биржийн мэргэжилтнүүдийн орлон ажиллах чадварыг нэмэгдүүлэхээр хэлтэс дотор болон хэлтэс хооронд сэлгэн ажиллуулах;

-          Дотоодын их, дээд сургуулийн сургалтынт хөтөлбөрт Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар оруулах, тэдгээртэй хамтран ажиллах хүрээнд биржийн үндсэн чиг үүргийн хэлтсүүдийн мэргэжилтнүүдийн нөөц бүрдүүлэлтийг хангах;

-          Ажлын байр шинээр бий болох болон сул орон тоо гарсан тохиолдолд дотоод эх үүсвэрээс ажилтан сонгон ажиллуулах бөгөөд тухайн албан тушаалд сонгогдох ажилтан байхгүй бол гадаад эх үүсвэрийг ашиглана.

 Гадаад эх үүсвэрээс нөөц бүрдүүлэх:

-          Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлын байрыг нээлттэй зарлан ажил горилогчийн нэгдсэн бүртгэл бий болгох;

-          Гадаад төгсөгчдийн холбоотой хамтран ажиллах;

-          Хөдөлмөр зуучлалын төвүүдтэй хамтран ажиллах;

-          Их, дээд сургуулийн төгсөх курсын шилдэг сайн оюутнуудыг судалж дадлагад гарган ажиллуулах, цаашид ажлын байр санал болгох замаар хүний нөөцийг бүрдүүлэх;

-          Мэргэшсэн чадварлаг хүний нөөцийн талаар иж бүрэн судалгаа, мэдээллийн сантай болох;

Шинэ ажилтныг чиглүүлэх, дадлагажуулах чиглэлээр:

-          Шинэ ажилтанд биржийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх дүрэм, журам зэргийг агуулсан чиглүүлэх зорилго бүхий сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтыг зохион байгуулах;

-          Туршилтын хугацаанд удирдаж ажиллах ажилтныг томилж, туршилтын хугацаанд хэрэгжүүлж ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулах;

-          Туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй Захирлын зөвлөл танилцсаны дараа үндсэн ажилтнаар томилох асуудлыг хэлэлцэнэ.

Нийт ажилтнуудыг сургаж, хөгжүүлэхэд дотоод нөөц бололцоог ашиглах чиглэлээр:

-          Ажилтнуудын ур чадварыг нээн илрүүлж, чадварлаг мэргэшсэн ажилтнаар бусад ажилтнуудад хэрэгцээтэй сэдвээр сургалт бэлтгүүлэн заалгах;

-          Мэргэжлийн сургалт, семинарыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

-          Гадаад, дотоод их дээд сургуулиудад мэргэшлийн чиглэлээр давтан сургах;

-          Компанийн үйл ажиллагаатай холбоотой технологийн дэвшлийг нэвтрүүлэх, ажилтнуудыг хөгжүүлэх;

Ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн сэдэлжүүлэлт чиглэлээр:

-          Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх оновчтой аргачлал боловсруулж, хөгжүүлэх;

-          Ажлын гүйцэтгэлийн идэвхжүүлэлт, хувь хүний бүтээлч сэтгэлгээг сайжруулах болон байгууллагын соёлын сургалтыг /бусад/ зохион байгуулах;

-          Кайзен саналын системийг нэвтрүүлэх / Ажилтны шинэ санал, санаачлагыг дэмжиж урамшуулдаг байх/;

-          Албан тушаал дэвших тогтолцоо, ажлын гүйцэтгэл үнэлэх аргачлалыг боловсруулж, ажилтнуудад танилцуулж, ажилтнуудын дунд өрсөлдөх чадварыг бий болгох, гүйцэтгэлийн үнэлгээг ажилтнуудад нээлттэй байлгах;

 2.3 Хүний нөөцийн свот шинжилгээ  

Давуу тал

Сул тал

-          Цалин дундаж төрийн албан хаагчийн цалингийн хэмжээнээс өндөр

-          Компьютер, техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар бүрэн хангагдсан

-          Ажиллах нөхцөл боломж бүрэн хангагдсан

-          Компанийн хөдөлмөрийн харилцааны дотоод журамд ажилтны эдлэх эрх, үүргийг тэгш боломжоор хангасан

-          Ажилтныг сонгон шалгаруулах өнөөгийн зохицуулалт боловсронгуй бус

-          Компанийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч чиг үүргийн хэлтсүүдэд дотоод нөөцөөс хүний нөөцийг бүрдүүлэхэд хүндрэлтэй.

-          Шинэ ажилтныг чиглүүлэх, тухайн ажилд дасан зохицох хугацаа, мэргэшүүлэх асуудал хүндрэлтэй

 

Боломж

Эрсдэлүүд

-          Албан тушаал дэвших /карьерын/ тогтолцоо төлөвших боломжтой

-          Гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх

-          Гадаад, дотоодын байгууллагуудаас зохион байгуулж буй сургалт, семинарт ажилтнуудыг хамруулах

-          Мэргэшсэн чиглэлийн сургалт семинарыг мэргэжлийн багш, мэргэшсэн хүмүүсийг урьж  зохион байгуулах

 

 

 

 

-          Хэлтсийн захирал болон бусад албан тушаалтан  орлон ажиллаж буй тохиолдолд алдаа гаргахаас сэргийлэх

-          Компанийн үйл ажиллагаа, чиглэл, зорилгыг ажил горилогч судалж, танин мэдэх боломж бага байдаг

-          Мэдлэг чадвар, туршлагад суурилсан сонгон шалгаруулалт хийж чадаж байгаа эсэх

 

2.4 Цалин хөлсний систем

Цалин хөлсний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Ажилтнуудад хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг сард 2 удаа буюу сар бүрийн 10,25-ны өдрүүдэд хугацаанд нь зохих журмын дагуу бодож, ажилтан тус бүрийн цалингийн картанд шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тухай бүр бичилт хийж баталгаажуулна.

Компанийн ажилтнуудын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг шударга ил тод байлгаж түүнд тохирсон урамшуулалын хэлбэрүүдийг зөв сонгож хэрэгжүүлэх зарчмыг баримтлана.

Улсад үр бүтээлтэй ажилласан хугацаа, гаргасан амжилт зэргийг харгалзан төрийн болон холбогдох бусад байгууллагын шагналын дүрэм, журамд заасан болзолыг хангасан ажилтнуудыг төрийн одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, шагнаж урамшуулах бодлогыг баримтлана.

2.5 Хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхийг бэхжүүлэх

Хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхийг бэхжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт, хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох үндсэн бодлогыг баримтлана. Биржийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги зорилт, хувь хүний мэдлэг, ур чадварыг үндэслэн хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлно.

Сургалтын хэрэгцээг үндэслэн хүний нөөцийг сургаж хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Сургалтыг гадаад дотоодын төсөл хөтөлбөр болон холбогдох мэргэжлийн байгууллагыг түшиглэн туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах чиглэлээр тасралтгүй зохион байгуулна.

2.6  Ажилтны нийгмийн халамжийн баталгааг хангах, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах

Ажилтны нийгмийн халамжийн баталгааг хангах, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах үндсэн чиглэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэн ажиллана.

Компани ажилтнуудынхаа нийгмийн халамжийн баталгааг хангахын тулд дараах ажлуудыг хийнэ. Үүнд:

      Ажилтнуудыг жил бүр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах;

      Үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон медаль болон байгууллагын шагналд тодорхойлох;

      Байгууллагад  тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтныг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхээр дахин суралцахад дэмжлэг үзүүлэх;

      Ар гэрт гачигдал гарсан тохиолдолд холбогдох журамд заасны дагуу тусламж дэмжлэг үзүүлэх;

      Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах;

Ажилтны нийгмийн баталгааг хангах замаар үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажилтныг тогтвор сууршилтай ажиллуулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх бодлого баримталж нийгмийн баталгааг хангана. Энэхүү бодлогын хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан 1-2 ажилтныг орон байраар хангах, орон сууцны нөхцлийг сайжруулах, орон сууцны 8 хувийн зээлийн урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх боломж, нөхцөлийг судлан Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Удирдлагын зүгээс ажилтны хууль ёсны эрх ашиг, эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг үе шаттай төлөвлөж зохион байгуулах, нийгмийн даатгал, цалин урамшууллын тогтолцоо болон нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

2.7  Удирдлагын манлайллыг хангаж, албан тушаал дэвших/карьерын/тогтолцоог бүрдүүлэх

Удирдах ажилтны манлайлалыг өөрчлөлтийн болон эрсдлийн удирдлагаар хангаж, ёс зүйг дээшлүүлэн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх бодлого баримтлана. Энэхүү бодлогын хүрээнд удирдах ажилтны нөөц, карьерын тогтолцоог бүрдүүлэх, удирдах ажилтны сонгон шалгаруулалт, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, өөрчлөлт хийх зан үйлийн хандлага, ёс зүй, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Удирдах ажилтны манлайллыг дараах чиглэлээр хангана.

      Компаний хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, зорилгодоо хүрэх арга замыг зөв тодорхойлж чаддаг байх;

      Байгууллагын гадаад болон дотоод орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг бий болгох, бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоож чаддаг байх;

      Өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шудрагаар ажиллах, бусдад урам хайрлаж зоригжуулж чаддаг байх, бусдаар хүлээн зөвшөөрүүлж, үр дүнд хүрэх чадварыг эзэмшсэн байх;

      Компанийг өөрчлөлтийн удирдлага, эрсдэлийн удирдлагаар хангаж чаддаг байх;

Гадаад, дотоод орчны өөрчлөлт болон байгууллагын хөгжлийн хандлагаас хамааран хүний нөөцийн удирдлагын тодорхой асуудлаар өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс үүсч болох үр дагаврыг тооцон, шаардлагатай үед эрсдэлийн удирдлагын бодлого хэрэгжүүлнэ.

Хүний нөөцийг эрсдэлийн удирдлагаар хангах бодлогод мэргэшсэн чадвартай ажилтанг хадгалж үлдэх стратеги, ажилтнуудыг хөрвөх, сэлгэх, нөхөн ашиглах, хавсарч ажиллах чадавхи бий болгох, ажил үүргийн давхардал, ажлын хэт ачааллыг тэнцвэржүүлэх, эрсдэл дагуулж болох албан тушаалын жагсаалтыг байнга шинэчлэн боловсруулж , эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Хариуцлага хүлээх, албан тушаал дэвших боломжтой, мэдлэг, дадлага, туршлага бүхий ажилтныг зорилтод сургалтад хамруулж, шаардлагатай ажлын байранд сэлгэн байршуулах, карьер хөгжлийн тогтолцоог бий болгоно. Удирдах ажилтанд манлайлал, ёс зүйн өндөр шаардлага тавьж, эрх мэдэл, хариуцлагын тогтолцоог тэнцвэржүүлнэ.

2.8 Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж ашиглах

Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж ашиглах үндсэн чиглэлийн хүрээнд дэвшилтэд техник технологид суурилсан хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хүний нөөцийн талаар удирдлагын зүгээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хянах, үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох бодлого баримтлана. Энэхүү бодлогын хүрээнд хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, бүрдүүлэх, ашиглах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Хүний нөөцийн судалгаа, түүнд тавих хяналтыг ил тод болгох, хүний нөөцийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах, ажлын гүйцэтгэлийн

үнэлгээ, зөв зохистой шийдвэр гаргахад мэдээллийн санг ашиглана. Хүний нөөцийн талаарх шаардлагатай мэдээллийг байгууллагын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ. Ажилд орох хүсэлт гаргасан, нөөцөд бүртгэгдсэн, үндэсний болон гадаад улсын их сургуульд суралцаж буй мэргэжлийн боловсон хүчний мэдээллийн санг үүсгэж, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглана.

Гурав. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт

3.1 Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах

Захиргаа, дотоод аудитын хэлтэс нь хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, энэхүү бодлогыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мөрдөнө. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг томилон ажиллуулж болно.

3.2 Санжүүжилт

Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилт нь компанийн тухайн жилийн батлагдсан төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, бусад хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн эх үүсвэрээр санхүүжигдэнэ.

3.3 Хүний нөөцийн бодлогын баримт бичиг хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр дүн

 “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хүний нөөцийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болсноор дараах үр дүн гарна гэж тооцож байна. Үүнд:

      Хүний нөөцийг оновчтой байршуулах нөхцөл бүрдэж, хүний нөөцийн чадавхи дээшилнэ;

      Ажилтнуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, удирдлагын түвшинд шийдвэр гаргахдаа хүний нөөцийн мэдээ, мэдээлэлд тулгуурладаг хандлага тогтоно;

      Компаний эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадварлаг нөөц бүрдэнэ;

      Ажилтнуудын ажилдаа хандах хандлага дээшилж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ;

      Ажилтнуудын нийгмийн баталгаа хангагдана;

      Хүний нөөцийн удирдлагын чадавхи, удирдах албан тушаалтны манлайлах чадвар дээшилж, төлөвшинө;

      Ажилтнуудын дунд хамт олонч уур амьсгал, нэгэн зорилго чиглэлд чиглэсэн бүтээлч хандлага, байгууллагын соёл, дэг журам хангагдана.