ХААБ- Хөдөө, аж ахуйн бирж

Биржээр улаанбуудай арилжсанаар зах зээлд бодит ханш тогтоно

Биржээр улаанбуудай арилжсанаар зах зээлд бодит ханш тогтоно

-“Хөдөө аж ахуйн бирж”-ээр хүнсний улаан буудай, тосны ургамал /рапс/ арилжаалах бэлтгэл ажлын явц-

Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалахаар 2021 оны 3-р сарын 5-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А/58 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж бэлтгэл ажлыг хангаж байна. 

Тус ажлын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Гурилын үйлдвэрийн агуулахуудын байршлын газрын зураг maping шинжилгээ, багтаамж хүчин чадал, зах зээлийн судалгаа хийж арилжааны схемийг оролцогч талаас хамааруулан дөрвөн хувилбараар гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржээр арилжих улаан буудайн барааны тодорхойлолт, зах зээлд оролцогчдын нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг шинэчлэн батлаад байна.

Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл, Гурил үйлдвэрлэгчид, Хөдөө аж ахуйн мэргэшсэн брокерын холбоо болон Монголын тариаланчдын үндэсний холбоотой улаан буудайг Биржээр хэрхэн арилжих талаар санал солилцон нийт 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Улаанбаатар хот болон 4 аймгийн нийт 87,500 тоннын багтаамжтай 4 агуулахыг итгэмжилж, 36,500 тоннын багтаамжтай 4 агуулахтай итгэмжлэлийн гэрээ хийхээр боллоо. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 122,500 тонн багтаамжтай агуулахыг хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа итгэмжлэхээр тохиролцов.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлагад авч байгаа Биржээр дамжин арилжаалагдах хүнсний улаан буудайн арилжааны хувилбарууд, лабораторид ажиллах боловсон хүчний судалгаа гаргах, лабораториудтай гэрээ байгуулах ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цаашид Биржийн арилжаанд оролцогчдыг сургах, мэргэшүүлэх, улаан буудайд чанарын үнэлгээ хийх лаборант, шинжээчдэд сургалт зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангаж байна.