ХААБ- Хөдөө, аж ахуйн бирж

“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ХАМТ ОЛОН БУТ, СУУЛГАЦ ТАРИЛАА

“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ХАМТ ОЛОН БУТ, СУУЛГАЦ ТАРИЛАА

Эх сурвалж: ХХААХҮЯам

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэхээ зарласан. ХХААХҮЯ, түүний харьяа  байгууллага болох Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн  албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд Тэсмэг, Улиас, Үрэл модны бут, суулгац тарилаа. Мод тарих хөдөлгөөний үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь үг хэллээ.Тэрээр “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар олон ажлаа уялдуулан хөгжүүлэхийг зорьж байна. Жимс, жимсгэнийн бут, тарьц, суулгацыг үржүүлэх, үржүүлгийн төвийг бүсчлэн байгуулах, 2000 километрийн урттай ойн зурвас, жимсний 2 сая модыг 10 мянган га-д суулгаж тэдгээрийн усалгаа, арчилгааны асуудлыг шийдвэрлэнэ.

Манай салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөр, донор байгууллага, мэргэжлийн холбоод, малчин, тариаланч, боловсруулах үйлдвэрийн ажилтан, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдэх хэрэгтэй. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй 10 орны нэгд тооцогдож байна. Агаарын дундаж хэм 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин их үзүүлэлт юм. Мөн ургамал ургалтын хугацаанд орох хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц багассан. Уур амьсгалын нөлөөгөөр сүүлийн 10 жилд тохиож буй ган зудын давтамж ойртож хүнс, хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байна. Бид цаашид гадаргын ус ашиглах, хөвд, цөөрөм байгуулах тэдгээрийн дэргэд тухайн орон нутагт тохирсон мод бут тарих, жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хүний гараар бүтээсэн ойн дагалдах баялгийг ашиглахыг чухалчилна.       

                                           

Мөн хөнгөн үйлдвэрийн салбарыг түүхий эдээр хангах, био бордоо үйлдвэрлэх замаар экологийн тэнцвэрийг хадгалсан органик үйлдвэрлэл бий болгохыг зорино. Мод тарьж ургуулах нь экологийн тэнцвэрийг хадгалах хамгийн хямд бөгөөд шилдэг арга. Үүнийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан хөрс хамгаалах зорилттойгоо уялдуулна. Мод тарихын хамгийн чухал нь нэг өдөр суулгаад мартах биш, арчилж ургуулах, хамгаалахад анхаарах ёстой” гэсэн юм.