Гэрээний төрлүүд

Фьючерс гэрээ

Фьючерс нь хоёр тал бараа түүхий эдийг ирээдүйд тогтоосон хугацаанд,  урьдчилан тохиролцсон үнээр худалдах, худалдан авах гэрээ юм.  Фьючерс гэрээ нь зөвхөн бирж дээр арилжаалагддаг ба худалдааг аюулгүй, үр дүнтэй явуулахын тулд фьючерс гэрээнүүд бүгд стандартчилагдсан  байдаг. Мөн фьючерсийн гэрээний онцлог нь уг гэрээг хийж буй хоёр тал бие биенээ мэдэх албагүй байдаг. Харин биржийн тогтолцоо нь хоёр талд гэрээ хүчин төгөлдөр явагдах  болно гэсэн баталгааг олгодог. Фьючерсийн арилжаанд оролцохын тулд  харилцагч өөрийн брокероор дамжуулан арилжаанд оролцох ба, тодорхой хэмжээний дэнчинг Биржийн клирингийн дансанд байршуулсан байх шаардлагатай. Фьючерсийн үнэ өөрчлөгдөхөд тухайн өөрчлөгдсөн дүнг, харилцагчийн байршуулсан дэнчингээс ашиг болон алдагдлыг тооцон тохирох талд нь шилжүүлдэг өдөр тутмын төлбөр тооцоог market to market гэж хэлдэг. 

                                                  *Дараах жишээн дээр үнийн өөрчлөлтөөр дэнчин нэмэгдэж хасагдаж байгааг харна ууl

                               

Фьючерс арилжааны эцсийн төлбөр тооцоо нь тодорхой хугацааны дараа хийгддэг бөгөөд энэ хугацаанд хөрөнгөө бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулж өгөөж хүртэх боломжтой байдаг учраас фьючерсийн үнэ спотын үнээс тухайн үеийн богино хугацааны хүүгийн хэмжээгээр их байна.

Фьючерс арилжаа нь энэхүү үнийн өсөлт бууралтаас ашиг олох боломжийг оролцогч нарт олгодгоороо онцлог юм. Фьючерс арилжаанд оролцогч фьючерс гэрээг авч эсвэл зарж гэрээний нэг тал болохыг позиц нээх гэнэ. Тухайлаад зарж нээсэн позицоо тухайн фьючерсийг худалдан авснаар (бусдад гэрээнийхээ үүргээ шилжүүлснээр)  тухайн позицыг хаана. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэггүй үлдэнэ.  Зарж авсан үнийн зөрүү нь тухайн оролцогчийн дэнчингийн дансан дээр бодогдож ашиг эсвэл алдагдал хүлээнэ.  Мөн гэрээний хугацаа дуустал позицоо хадгалан барааг биетээр худалдаж эсвэл худалдан авснаар гэрээг хаах боломжтой.

 

Опцион

Опцион гэдэг нь нэг хүн нөгөөдөө тодорхой бараа түүхий эдийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох гэрээг хэлнэ. Опционыг худалдааны аргаас нь хамаарч 2 төрөлд ангилдаг: колл опцион (call option) болон пут опцион (put option). Колл опцион  гэдэг нь худалдан авагч ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр бараа түүхий эдийг худалдан авах эрхтэй бол пут опцион гэдэг нь  худалдан авагч  ирээдүйд урьдчилан  тохиролцсон үнээр бараа түүхий эдийг худалдах эрхтэй болох юм. Гэрээнд тусгасан тухайн барааг худалдах худалдан авахаар тохиролцсон  үнийг страйк үнэ (strike price) гэнэ. Опционы эрх олж авсны төлөө төлөх үнийг опционы премиүм үнэ (premium price) гэнэ.
Мөн опционыг хэрэгжих өдрөөр нь 2 загварт ангилдаг: Америк опцион болон Европ опцион. Америк опцион нь хугацаа  дуусах өдөр хүртэлх хугацаанд хэлцэл хэрэгжих боломжтой бол Европ опцион нь зөвхөн хугацаа  дууссанаар хэрэгждэг байна.

 

СПОТ

Спот гэрээ нь бараа, түүхий эдийг тогтоосон үнээр биет байдлаар шууд арилжаалах гэрээ юм. Энэхүү гэрээний онцлог нь худалдаж буй болон худалдан авч буй талууд тухайн үед бэлэн байгаа бараа түүхий эдийг тухайн үеийн зах зээлийн ханшаар арилждагт оршино. Энэхүү гэрээ нь хамгийн хялбар арилжигддаг.   

Спот арилжааны ерөнхий схем:

                            

Биржийн арилжаанд оролцох хүсэлтэй худалдагч эсвэл худалдан авагч нь биржийн байнгын гишүүнтэй /брокер/ гэрээ байгуулж данс нээлгэн захиалгаа оруулна. Худалдагч тал өөрт байгаа бараа, түүхий эдээ биржийн итгэмжлэлийн шалгуур хангасан итгэмжлэгдсэн агуулахад байршуулна. Харин худалдан авагч тодорхой хэмжээний дэнчинг биржийн дансанд байршуулснаар арилжаанд оролцох эрх үүснэ. Худалдагч, худалдан авагч талууд  брокероор дамжуулан авах, зарах үнийн саналаа арилжаанд оруулна.  Арилжааны үед хоёр тал үнийн санал, барааны хэмжээг илэрхийлсэн захиалгуудаа оруулах бөгөөд бирж дээр үргэлжилсэн дуудлага худалдааны1 аргаар захиалгууд биелнэ. Биелсэн захиалгуудаас хамаарч систем хэлцлийг2 тооцоолно. Хэлцэл гэдэг нь биржийн арилжааны системд бүртгэгдсэн арилжаанд оролцогчдын хооронд биржийн гэрээг авах/зарах тохиролцоог хэлнэ.  Хоёр талын брокерын хэлцэл бодогдсоны дараа худалдах болон худалдан авах гэрээг байгуулж төлбөр болон хүргэлтийг гүйцэтгэнэ.

Үргэлжилсэн дуудлага худалдаа1 - хугацааны дараалалаар боломжит захиалгыг биелүүлэх үнэ тогтох аргачлал

Хэлцэл2 - биржийн арилжааны системд бүртгэгдсэн арилжаанд оролцогчдын хооронд гэрээг авах/зарах тохиролцоог хэлнэ .

 

Форвард гэрээ

Форвард гэрээ нь хугацаат гэрээ бөгөөд бараа түүхий эдийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр, биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх гэрээ юм.

Форвард гэрээний зарим нэг онцлогууд:

  • Фьючерс гэрээтэй харьцуулахад Форвард гэрээнд тогтсон стандарт байдаггүй
  • Форвард гэрээ нь заавал Бирж дээр арилжигдах шаардлагагүй
  • Форвард гэрээнд хоёр тал хүссэн нөхцөлөө тусгаж болдог. Гэрээнд  тохиролцсоны үндсэн дээр гэрээний нөхцөлүүдэд өөрчлөлт хийж болдог

Форвард гэрээг бирж дээр арилжаалахгүй байх нь гэрээнд оролцогч талуудад гэрээний нөхцөлүүдэд өөрчлөлт оруулахад хялбар боловч энэ нь нөгөө талаар эрсдэлийг нэмэгдүүлдэг.