01 сарын 23, 2023

“INVEST KHOVD Хөрөнгө оруулалтын форум 2023” чуулга уулзалт

Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалт, нөхцөл байдалтай танилцлаа

“INVEST KHOVD Хөрөнгө оруулалтын форум 2023” чуулга уулзалт  2023 оны 01 дүгээр сарын 19,20-ний өдрүүдэд  Ховд аймгийн Ховд хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн шинэ сэргэлтийн шийдэл боломжууд зэрэг сэдвүүдээр чуулга уулзалтад оролцов.

“Үйлдвэр технологийн парк ба хөдөө аж ахуй (мал аж ахуй) дахь хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт:

  • Модератор: МҮОНРТВ-ийн Ховд аймаг дахь сурвалжлагч Х.Алтантуяа
  • Панелист 1: ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  • Панелист 2: ОХУ-ын Алтай хязгаараас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын
  • тэргүүн Шабанов Алексей Викторович
  • Панелист 3: Хөгжлийн банкны экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга Б.Ганбаатар
  • Панелист 4: Хаан банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх
  • Панелист 5: Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨАТҮГ-ын дарга Ш.Батжаргал
  • Панелист 6: “Арвижих фарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямдаваа
  • Панелист 7: “Баруун монгол мийт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батбуян нар оролцов.

Ховд аймаг Аж үйлдвэрийн парк: Дэд сайд М.Ганхүлэг, ХААБ ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр нар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн үйлдвэрлэлийн бүсэд 200 га талбайд малын гаралтай түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалт бүхий “Шинэ ховд үйлдвэр, технологийн парк”-ын бүтээн байгуулалт, нөхцөл байдалтай танилцав. Өнгөрсөн онд “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк” төсөлд зориулж зураг төсөл боловсруулах 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ онд 5.9 тэрбум төгрөгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн. Дэд бүтцийн 6 төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэн эрчимжүүлэх бөгөөд 2023 онд багтаан гол ажлуудаа дуусгах төлөвлөгөө, зорилттой ажиллаж байна.

Ховд аймаг Хүнс хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газар:  Ховд аймгийн хүнс, хөдөө аж ажуйн газар, мал эмнэлгийн газарт ажиллав. Уулзалтаар ХХААХҮЯ-ны Дэд сайд Төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, аймгийн нутаг орны онцлог, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрийнг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаг үеийн болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэж, аймгийн орон нутаг сумдын өвөлжилтийн бэлтгэл, бусад ажилчидтай санал солилцсон.

Биржийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр нь биржийн үндсэн үйл ажиллагааны танилцуулга хийж, хөдөө орон нутагт дахь биржийн хоршоо, итгэмжлэсэн агуулахын давуу талууд бусад асуудлын талаар санал солилцов. Мөн мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг “Баруун монгол мийт” ХХК-тай хамтарч ажилладаг 40 гаруй хоршоотой Хөдөө  аж ахуйн бирж хамтарч ажиллах боломжийн талаар ярилцаж цаашид хамтарч ажиллахаар тохиролцов.

Бусад мэдээ