ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ Нь бүгд найрамдах ТУРК УЛСЫН ХУДАЛДААНЫ БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Монгол Улсын Их хурлын даргын 2021 оны 80 дугаар захирамжаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ажлын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн биржүүдтэй танилцаж, туршлага судлахаар холбоо тогтоосны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын бүрэлдэхүүнд:
- Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,
- Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,
- Ажлын дэд хэсгийн гишүүн, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж,
- УИХ-ын гишүүний зөвлөх М.Ариунболд,
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр
- Биржийн ажилтнуудын төлөөлөл хамрагдав.
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Анкара хотод байрлах Туркийн Худалдааны бирж (Turkish Mercantile Exchange, TÜRİB)-ийн төлөөлөлтэй санал солилцон Турк улсын Хөдөө аж ахуйн биржүүдийн хууль, эрх зүйн орчинтой танилцсан. Цаашид Туркийн Худалдааны бирж болон Монголын Хөдөө аж ахуйн бирж ХХК нар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж тус санамж бичигт Туркийн Худалдааны биржийг төлөөлж Гүйцэтгэх захирал Али Кирали, Монголын Хөдөө аж ахуйн бирж ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр гарын үсэг зурлаа.
Туркийн Худалдааны бирж (TÜRİB)-ийн тухай
Туркийн Худалдааны бирж нь анх 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд итгэмжлэгдсэн агуулахад байршуулсан бараа, түүхий эдийг гэрчлэх агуулахын бичиг (ELUS цахим гэрчилгээ) болон фьючерсийн арилжааг нэвтрүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг.
Туркийн Худалдааны бирж нь итгэмжлэгдсэн агуулахууд, Туркийн Танхимууд болон Биржүүдийн холбоо (TOBB), Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрдэнэсийн сан, Бүгд Найрамдах Турк Улсын Сангийн Яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг байна.