Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэлд өртөн ГССҮТ-ийг зорих иргэд цөөнгүй байгаа. Тиймдээ НИТХ-ээс аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метрээс дотогш байгаа цас мөсийг цэвэрлэж байхыг үүрэгдсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргээс хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий цэвэрлэгээний ажлыг энэ сарын 10-31-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс хамтран Намьяанжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагад гаднах цас мөсөө цэвэрлэх, хог хаягдлаа тээвэрлүүлэх, хальтиргаа гулгааг арилгах талаар мэдэгдэл хүргэсэн байна. Одоогийн байдлаар 115 аж ахуйн нэгж байгууллагын 400 гаруй хүн цэвэрлэгээний ажилд оролцож, нийт 3270 м2 талбайн цас мөсийг арилгаж ачиж тээвэрлэжээ. Мөн “Баянзүрх тохижилт” ХХК-иас өдөр бүр 38 зам талбайн үйлчлэгч гурван хэсэг болон нийтийн эзэмшлийн явган зам, автобусны буудлын орчим, авто зам, авто зогсоолийн цас мөсний цэвэрлэгээг тогтмол хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажилд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги нэгтгэл, бие бүрэлдэхүүн оролцож байгаа бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас түр саатуулагдаж байгаа иргэдийг цэвэрлэгээний ажилд татан оролцуулах юм байна. Түүнчлэн, орчны цас мөсөө цэвэрлээгүй нийтийн эзэмшлийн зам талбай дагуух аж ахуйн нэгж байгууллагуудад торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг нь түр хаах, тусгай зөвшөөрлийг хураах болон түдгэлзүүлэх саналыг гаргах аж.
09 сарын 26, 2022